
Хятадын шинэ дарга Си Жинпин хээл хахуультай тэмцэх ажлынхаа эхлэл болгож олон нийтийн радио, телевизийн сувгуудаар брэндийн цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэг, дурсгалын зүйлсийг сурталчлахыг хориглож байсан билээ. Хятадын албаныхан үнэтэй, ховор эдлэл, тансаг бараа, бэлэг дурсгалын зүйлийг ихээр сурталчилах нь бэлэгний жинхэнэ үнэ цэнийг алдагдуулж, цаашилбал авилга өгөх сэдлийг төрүүлэх сөрөг үр дагавартай гэж үзэн хориглосон аж. Тэгвэл энэ удаад Хятадын дээд албан тушаалтнуудыг албаны уулзалт, баяр ёслолыг хэт үрэлгэн төсвөөр тэмдэглэхийг хоригложээ. Хятадын төрийн албан хаагчид албан ёсны баяр, ёслолын ажиллагааг хэт үрэлгэн байдлаар тэмдэглэж, тансаг уулзалт зохион байгуулах нь Коммунист нам болон Засгийн газрын имиджид сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзсэн байна. Энэхүү хоригийн дагуу Хятадын Засгийн газар, нутгийн удирдлагын бүхий л түвшины дарга нар албан ёсны уулзалт, ёслолын ажиллагаан дээр алдартай одуудыг урин, тансаг баяр наадам тэмдэглэхийг хорьсон аж. Түүнчлэн Хятадад энэхүү хоригийг зөрчсөн хэн ч болов шийтгэл хүлээнэ гэдгийг хатуу анхааруулсан байна.
Үүнээс өмнө Хятадад Засгийн газар, эрх барих нам, мужийн дарга нарын албаны томоохон уулзалт, хурлын үеэр хүүхдийн урлагын үзүүлбэр, үндэсний цөөнхийн хувцасны үзүүлбэр, урлаг соёлын одуудыг урин тоглуулах зэргээр их хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан баяр, ёслол тэмдэглэдэг байсан аж.
Си Жинпин өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын даргаар сонгогдсоныхоо дараа хэт үрэлгэн төсвийг танаж, авилга хээл хахуультай тэмцэж, Коммунист намын итгэл үнэмшилийг сэргээн хадгалахад анхаарч ажиллахаа мэдэгдэж байсан билээ.
Б.АНХТУЯА