Экспортын газрын тосонд хяналт тавихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

Экспортын газрын тосонд хяналт тавихыг хүсчээ

Газрын тосны газарт Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа. 1993 онд Тосон-Уул ХIХ, Буйр ХХII талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд хувь хэмжээ тусгаагүйгээс Тосон-Уул ХIХ талбайгаас 1998 оноос эхлэн туршилтын журмаар олборлосон таван сая, 366 мянга, 982 баррель газрын тос ямар ч төлбөргүйгээр экспортод гарсан бөгөөд одоо ч төлбөргүйгээр гарч байгааг шалгалтаар тогтоосон байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэхгүй, зөвхөн хайгуул, олборлолтын хөтөлбөр төсвийн хэрэгжилтийг дүгнэн аудит хийж байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдээс сургалтын урамшуулал болох 4,9 сая ам.долларыг зориулалтын бусаар хяналтгүй зарцуулжээ. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.  Газрын тосны хайгуул судалгаа явуулах техник, тоног төхөөрөмж, чадвар бүхий үндэсний компани байгуулах эрх зүй, санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Тосон-Уул ХIХ талбайн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт оруулж, төлбөрийн хувь хэмжээг тусгах, төлбөргүйгээр 1998-2010 онуудад экспортод гаргасан тосноос төлбөрийг нөхөн авах асуудлыг судлан үзэж шийдвэрлэх асуудлыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх талаарх саналыг ЭБЭХЯ-нд хүргүүлэхээр болжээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж