Л.Эрдэнэчимэг хатагтайн санаачилсан хууль Монголд томдов

Хуучирсан мэдээ: 2013.08.14-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг хатагтайн санаачилсан хууль Монголд томдов

Манай тамхичид хэдхэн сарын өмнө “галзуу улаан”-аа угсаруулах гэж хэрэндээ сандарч байв.

Ажлын байр, баар цэнгээ­ний газар, нийтийн эзэмш­лийн зам талбай тэр ч бүү хэл орц, хонгилд хүртэл тамхи татахыг хуулиар хориглочих­сон тул хөөрхий тамхичид бу­лан тохой бараадан бөртөлзөж зогсоо харагддаг байсан. Яг л шоовдор хүмүүс шиг. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилж, эмэгтэй гишүүдийн дэмжлэгээр баталсан Тамхины хяналтын тухай хуулиас үүдэлтэй үйл явдлын өрнөлийн эхлэл. Түүний санаачилсан хуульд Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 500 метрийн зайд тамхи татах, зарахыг хориглосон заалт орсон учраас манай тамхичид ийнхүү том багагүй сандарч байлаа. Гэвч байдал удаан үргэлжилсэнгүй. Монголын хууль гурав хоног гэгчээр сүүлдээ ч манайхан таарсан газраа тамхиа татаж, хөдөөд бол бүр ч хөгөө алдсан сураг байна. Учир нь сумын төвийн дэлгүүрүүд ашиг юугаа бодоод сургууль, цэцэрлэгээ тойроод үйл ажиллагаа явуулдаг. Дэлгүүр нь сургууль цэцэрлэгээсээ 500 метрийн зайд байх нь бүү хэл сумын төв бүхэлдээ 500 метр газар багтахаар жижигхэн гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Тиймээс энэ хууль хэрэгжиж эхэлсний дараа хөөрхий сумын төвийн иргэд тамхиа хаанаас авах, авлаа гэхэд татахын тулд сумын төвийнхөө ойролцоох уул толгодыг бараадахаас аргагүй болсон гэнэ. Тэр ч бүү хэл зарим нь тамхи зардаг дэлгүүр хоршоогоо сумын төвөөс зайдуу барих уу энэ тэр гээд хөөрхөн асуудал болсон тухай сумын иргэд хуучилсан. Эндээс харвал Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан Тамхины хууль суманд томдож, аймаг, нийслэлд бол арай дөхөхөөр юм шиг байна. Сумын төв хүн ам цөөхөн, бие биеэ нэр усаар нь байтугай удам угсаагаар нь таньж мэднэ. Ийм газар угаасаа найзан дундаа. Тийм болоод ч тэр үү “танилын улаан нүүр” жинхэнэ утгаараа сумын төвд  улалзаж, тэр дунд нь хууль журам хүчгүйддэг гэнэ. Саяхан ээлжийнхээ амралтаа аваад Арын сайхан хангайг зорьсон ажлын маань залуу “Цагдаа хувцас өмссөн сумын төвийн ганц баатар нь сургуулийн барилгын сүүдэрт нутгийхантайгаа нийлчихсэн тамхилаад сууж байна билээ” гэсэн. 

Уг нь хууль санаачлагч дэлхий нийтээрээ тамхитай тэмцэж байгаа учраас Монгол ч бас нэгдэх ёстой гэж үзсэн гэсэн. Харин хуулиа боловсруулахдаа учир дутагдалтай ажилласан нь энэ мэт шүүмжлэл дагуулсаар байгаа юм. Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хууль Монголд томдсон тухай ганц баримт хүргэхэд Нью Йоркт Тамхины тухай хуульдаа, сургууль, цэцэрлэг гэх мэт тусгайлан заагдсан цэгүүдээс 50 метрээс дотогш тамхи зарахгүй гэж заасан байдаг юм билээ. Нью Йорк, Улаанбаатар, 500 метр, 50 метрийн хооронд асар их зай байгаа биз. Тиймээс л “Монос”-ын хатагтай, УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг ба түүний нөхдийн баталсан Тамхины хяналтын тухай хууль Монголд дэндүүтомдчихсон гэдэг нь харагдаж байна. Дээр нь тамхи татах цэгүүдээ тодорхой зааж өгөөгүй нь хүртэл энэ хуулийн бас нэг шүүмжлэлтэй тал. Нэгэнт л дэлхий нийтийн жишгийг дагаж буй бол Итали, Сингапур шиг тамхи татахад зориулсан агааржуулагчаар тоноглосон тусгай өрөө байгуулах ёстой. Мөн Канадын зарим зочид буудал тамхи татахыг хүссэн үйлчлүүлэгчдээ тусгай унаагаар зориулалтын газар нь хүргэж өгдөг гэсэн. Энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлэхийн тулд гадныхан тодорхой арга хэмжээ авч байхад манайхан тооцоо, судалгаа ч үгүй сэтгэлийн хөөрлөөр хууль санаачлаад түүнийгээ батлуулсан нь ийм дүр зурагтай байна.

О.МӨРӨН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж