
Энэ хугацаанд олон аав, ээжийн хүүхдүүдийг тив, дэлхийн аварга болгоход эгэл даруухан энэ ордны ач гавьяа даанч их байсан. Одоо ч, тэр. Гэтэл энэхүү байгууламж цагийн эрхээр гундаж, гандаад хүнээр бол эдгэшгүй өвчинд нэрвэгдэн шаналж, эмнэлэгийн тусламж хүсч байна. Олон арван жилийг аргацаасаар үдэхдээ ганц удаа зовлон тоочилгүй хөлс, хүч, тэвчээр, амжилт ханхийлгэсэн тэрээр анх удаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайдуудад сэтгэлдээ бугшсан зовлонгоо хагаслан ийнхүү дэлгэлээ.
Тэр бахархаж явдаг…
Сайдууд Спортын төв ордоны үүдэнд ирэхэд хамгийн түрүүнд энэ л үгийг хэлсэн. Ингэхдээ “Би бахархаж явдаг юм. Миний бие 1958 онд өнөөгийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд Монгол Улсын хамгийн анхны спортын төв ордон нэртэйгээр мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл монголын спортын төлөө халшралгүй зүтгэсэн өвгөн барилга миний дотроос олимпийн медальт тамирчин 23, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан 40 гаруй, Ази тив, олон улсын тэмцээн уралдаанаас хэдэн зуугаар тогтохгүй медальтай хүүхдүүд төрөн гарсан. Өвгөн би Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдсанд үнэхээр баяртай байгаа. Та бүхэн хөгшин намайг гололгүй уулзахаар ирснийг тань сонсоод хараа муудсан нүд, сонсгол сайнгүй чихэндээ итгэхгүй харуулдсаар л суулаа. Улаанбаатарынхаа энэхэн өргөн чөлөөнд сүндэрлэн боссон цагаасаа хойш олон жилийг ардаа үдэж, нас сүүдэр минь өндөр болжээ. Төр засгаас өвгөрч, өтөлж байгаа надад анхаарал тавихгүй биш тавьдаг л даа. Жил бүр л сэргээн засах эмчилгээ хийж, будаж, шунхаддаг ч засал авахаа нэгэнт больжээ. Хүнээр бол надад хөл байхаа больсон. /Суурьгүй болсон/ Өвлийн хүйтэнд жихүүцэн даарч, зундаа аадар бороонд цохигдон байнгын чийгтэй орчинд амьдрахаасаа ч төвөгшөөх боллоо. Дэлхий нийтээр цаг цөвүүн болсон үед энд, тэнд газар хөдөллөө л гэж дуулдах юм. Үүнийг сонсоод Монголд тэр нь болох вий гэж санаа зовж суух л юм.Хамгийн түрүүнд би л, нурж унана шүү дээ. Өөрийгөө бодсондоо биш, өнөөх спортын алдарт тамирчид, ирээдүйн тив дэлхийн аваргууд хүүхдүүд минь л өртөнө.Тиймээс би үнэхээр их айж байна.
Одоо бүр шөнө ч тайван унтахаа больсон. Хааяахан нэг дуг хийх гэтэл зарим нэг өрөөний тааз нурж унаад сэрээчих юм. Үүрээр жаахан унтаад дуг хийтэл ирээдүйн алдартан миний үрс багталцахгүй шахам гүйлдэн орж ирээд сэрээчихнэ. Уг нь ч хүүхдүүдийнхээ цангинасан дууг сонсох сайхан л даа.Гэхдээ нас дээр гарсан би, жаахан ч гэсэн амармаар л байх юм. Тэднийгээ өглөө ирээд миний биед багталцахгүй шахам бэлтгэл сургуулилтаа базааж, хичээлдээ сууж байгааг нь харах сайхан ч өвгөрч, өтөлсөн бие минь тэдний аяыг даахгүй больжээ.
Өвгөн би зөвхөн тамирчдын бэлтгэл сургуулилт хийлгэх, тэмцээн уралдаан зохион байгуулагддаг төв байсан бол 2009 оноос эхлэн спортын дунд сургуулийн сурагчдыг бэлтгэж байгаа. Миний хүүхдүүд үнэхээр өрөвдмөөр. Манай сургуульд одоо 405 хүүхэд суралцдагаас 90 гаруй хувь нь гэр хорооллын эмзэг давхрагын айл өрхийн хүүхдүүд байдаг. Тэд өглөө найман цагаас хичээлдээ ирж, ерөнхий боловсролын сурагчдын стандартад нийцсэн хичээлээ үзчихээд үдээс хойш бэлтгэл сургуулилтаа базаадаг.Сурагчид маань спортын 14 төрөлд хуваагдаж бэлтгэлээ базаадаг юм. Хичээлийн танхимдаа багтахгүй шахам суучихаад өдөр нь олигтой ч хоол идсэн юмгүй бэлтгэл сургуулилтдаа гардаг. Тэднийг харах хэцүү л байдаг. Хүүхдүүдүүдийн минь хүсэл мөрөөдөл агуу учраас л надад хорогддог байх. Тиймдээ ч, энэ жижигхэн танхимд хичээлээ заалгаж, нурж унах шахсан спорт танхимд бэлтгэл сургуулилт хийж буй хүүхдүүдмаань тив дэлхийн тэмцээн уралдаанд чамлахааргүй амжилт үзүүлж байна. Түүний нэг жишээ гэхэд өнгөрсөн жилийн төгсөгч чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг маань залуучуудын дэлхийн аварга боллоо. Муу өвөө нь баярын нулимс унагаж л суулаа.Хүн хөгширхөөрөө амархан баярлаж, гомддог нь үнэн юм байна.Нас өндөр болсны л шинж байх даа.Уг нь би чинь дөнгөж мэндэлчихээд хамгийн анхны олимпийн хүрэл медалийг Ч.Дамдиншарав хүртэх үед юун уйлах мантай харин ч, өөрөөрөө бардамнаж, бахархаж байсансан. Залуу ч, байж дээ. /Инээмсэглэв/ За ингээд яриад байвал зөнөг би дээх нь үеийн дурсамж сөхөх гээд байдаг юм. Тантай уулзсаных хэлэх гэсэн үг олон байна.Сайд аа…
Олон арван жилийг ардаа үдэж нас минь дээр гарахаар өөрийн хүүхдүүдээс өөрцгүй спортын олон төрлүүдээр бахархаж, амжилт гаргаж байгаа орчин нөхцөлийг харахаар өрөвдөж л суух юм. Ганц уулзсан боломж дээрээ хэдхэн юм хэлчихье. Болох уу хүү минь.
Чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдаараа бахархаад ч барахгүй. Тэртээх 1964 оны Токиогийн олимпийн наадамд Монголын чөлөөт бөхийн шигшээ баг анх удаа оролцож түүхэн гавьяа байгуулсан.Түүнээс хойш 1968 оны Мехикогийн олимпийн наадамд Монгол хэмээх зургаан үсэг төрийн далбаа дөрвөнтэй мандаж миний магнай тэнийж, ямар их эрч хүч авсан гээч. Өнөөгийн Монгол Улсын гавьяат тамирчин Ардын багш Ч.Дамдиншарав анхны хүрэл медалийг хүртэж, үнэхээр булган сүүлтэй байлаа. Түүний араас Т.Артаг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ааштай ч гэсэн Монгол түмний минь бахархал болсон Ж.Мөнхбат, шавь нартаа суран бүсээрээ алдартай, гавьяат тамирчин, Ардын багш Д.Сэрээтэр нар минь медалийн буухиаг үргэлжлүүлж Монгол эр хүний бяр чадлыг дэлхийд таниулж билээ. Тэдний амжилт 1980 оны Москвагийн олимпийн наадамд Д.Оюунболд хүү хүрэл медаль хүртэх хүртэл үргэлжилсэн. Гэтэл тэдний амжилт яагаад 32 жил тасрав гэдэг нь бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, дэлхийн чөлөөт бөхийн хөгжлөөс хоцорсонтой холбоотой гэж боддог юм. Иран, ОХУ, Гүрж, Туркын бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл биднийхээс шал өөр юм гэсээн. Заримдаа өөрөөсөө ч ичдэг юм. Намайг хамгийн ихээр ичээсэн явдал Бээжингийн олимпийн наадмаар тохиож билээ. Чөлөөт бөхийн төрөлд эр, эм нийт зургаан тамирчин оролцож дийлэнх нь олимп, дэлхийн аварга тамирчидтай сугалаагаар таарч зөвхөн нэг тамирчин 2 тойрог барилдан зургаан удаа ялагдаж, 1 ялж 5 тамирчин эхний тойргоосоо хасагдсан нь чөлөөт бөхийн спортын бүх цаг үеийн түүхэнд үзүүлсэн хамгийн тааруу амжилт.
Өнгөрсөн Лондонгийн олимпийн наадам гээд 8 олимпийн мөчлөгт ямар ч амжилт гаргаж чадаагүй нь үнэхээр тааруу , бас нөгөөтэйгүүр надтай ч холбоотой гэж бодогдох юм. Угтаа тамирчид минь хичээж байгаа л даа. Өдөр бүр цүнхээ үүрээд шантрахгүй бэлтгэл сургуулилтаа базааж байгаа хүүхдүүдээ харахад зарим ялагдалд нь уур хүрдэг ч, өрөвдөж л суудаг юм. Бид ямар тэднийгээ дэлхийд нийцсэн заал танхимаар нь хангаад, олон улсын тэмцээн уралдаанд туршлага суух хүртэл нь зардал мөнгөөр нь тэтгээд өгдөг биш дээ. Тиймээс өнөөдрийн алдааг маргааш давтахгүйн тулд чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт дээр түлхүү анхаарвал сайн байна шүү сайд аа. Чөлөөт бөхийн спортод оруулж байгаа та бүхний хувь нэмэр үнэлэгдэж олимпийн төрлөөс чөлөөт бөхийн спорт хасагдахгүй гэдэгт би итгэдэг.
Нээрээ шүү сайд аа. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг тамирчид минь үнэхээр хамгийн шилдэг нь.
Тэдний амжилт өдрөөс өдөрт, жилээс жилд өсч байгаад хөгшин би баярлаж сууна. Хариугүй жаахан охидууд бэлтгэл хийх гээд бүртгүүлж байсан нь саяхансан. Гэтэл тэд минь дэлхийг шуугиулсан агуу бөхчүүд болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өнөөх адтай охин Ц.Энхжаргал минь 2005 онд, Д.Нармандах 2007 онд, О.Насанбурмаа, 2009 онд О.Бурмаа, Д.Одончимэг, нар медаль хүртэж Монгол Улсын гавьяат тамирчин гэгдэх болсон нь өчигдөрхөн мэт л санагддаг юм. Гэтэл 2010 оны ДАШТ-д С.Батцэцэг хэмээх жаахан охин гарч ирж өрсөлдөгч бүгдээ илүүрхэж эмэгтэй чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болсон бол 2011 оны Туркийн Станбул хотноо болсон ДАШТ-д багаараа хүрэл цомын эзэд болж гайхамшгийг бүтээсэн билээ. Тухайн үед 51 кг-д Отгонцэцэг мөнгө, 67 кг-д О.Насанбурмаа дахин хүрэл, 59 кг-д барилдсан Д.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж билээ. Тун удалгүй Канадын Эдмонтон хотноо болсон ДАШТ-ээс Т.Мөнхтуяа маань 59 кг-д хүрэл медаль хүртэн медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан. Тэдний амжилт өнгөрсөн Лондонгийн олимпоор үргэлжилж чөлөөт бөхийн 32 жил тасарсан медалийн буухиаг С.Батцэцэг охин үргэлжлүүлж хүрэл медаль хүртсэн нь бахдалтай биш гэж үү сайд аа. Ингээд ярихаар улам улам магтмаар санагдаж, хүүхдүүдээрээ омогшдог юм. Өө тийм. Хөгшин би мартах шахаж. Дөнгөж хэдхэн сарын өмнө болсон доо. Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч 8 орны эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн манай улсад болсон. Түүхэндээ анх удаагаа охид минь мөнгөн цомын эзэд болж, түүхийн шинэ хуудсыг нэгээр нэмсэн ш дээ. Бахархмаар байгаа биз. Би боддог юм. Сэтгэл дотроо ч хэлдэг.
Тэмүүлээд байгаарай охидоо. Амжилт одоо л эхэлж байна. Төр засгаас ч та бүхэнд илүү анхаарч бэлтгэл сургуулилт хийх таатай орчин бүрдүүлж өгнө. Тиймээ сайд аа./Инээмсэглэв/
Гэхдээ сайд аа. Эдэнд маань бэлтгэл сургуулилтаа базаачихаад хөлсөө угаагаад гарах нөхцөл бүрдүүлж өгнө үү. Гадныханд ярьвал намайг шоолно доо./ Нүүр нь улайв/ Энэ талын асуудлыг нэг бодолцоно байгаа. Адаглаад л ийм орчин нөхцөл байхгүй байна аа гэдэг чинь миний бодлоор эмгэнэл шүү.
Өө тийм, багийн спортын адтай жаалуудаа энд мартаж болохгүй ээ. Хүүхдүүд минь. Ганцхан жишээг дурьдахад сагсан бөмбөгийн спортыг онцолмоор санагдлаа. Тэд ч гэсэн их зовлонтой. Он гараад буюу хоёрдугаар сарын ихээр нөгөө сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн чинь долоон хоногийн гурван өдөр болно. Тэр үеэр хөгшин би ачааллаа даахгүй, тамирчид, үзэгчдэд дарагдана.Энэ үеэр мэр сэр асуудал үүсдэгийг ч нуугаад яах вэ. Миний “А” заалыг чөлөөт бөхийн шигшээ баг бэлтгэл сургуулилтаа базаахад түлхүү ашиглаж, бусад холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээн ихээхэн болдог болохоор заримдаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн хойшлогдоно.Энэ асуудлаас болж тамирчид, дасгалжуулагчид бухимдалтай яваа харагддаг л юм.Өвгөн би хэчнээн их ачаалалтай байсан ч, тэднийхээ тоглолтыг таслахгүйг хичээх юм. Монгол Улсын шигшээ багийн О.Сэргэлэн, О.Ууганбаяр, С.Өрүүнбилэгийн тоглолт ямар гоё, хэчнээн үзүүштэй гээч. Тэдний тоглолтыг үзсэн би залуужих шиг л болдог юм. Манай сагсанбөмбөгийн холбоо ч, багийн спортыг хөгжүүлэх гэж зүтгэж л явна.Тиймээс сайдаа, зөвхөн топ дөрвөн спортоо дэмжихээс илүүтэй багийн спортын төрлөө жаахан анхааралдаа авах нь илүүдэхгүй болов уу. Тэдний минь амжилт ч жилээс жилд ахиж байгаа. Та бүхэн мэднэ дээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Тайвань улсын Тайпей хотноо сагсан бөмбөгийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Түүхэндээ анх удаагаа хүрэл медаль хүртэж багийн лидер тоглогч Томм гэддэг Б.Билгүүн маань шилдэг таван тоглогчийн нэгээр шалгарлаа шүү дээ. Сайхан шүү. Ордонд орж ирсэн хүүхдүүд минь интернэтээр тоглолтыг нь үзэж байхад нь хөгшин би харсан юм. Ямар сайхан цагариган дээрээс довтолсон гээч. Ёстой нөгөө жүжигчин Батаагийн хэлдгээр хоёр нүдний нулимс “сад тавьсан”. гэж байгаа / Ичив/
Бас болоогүй ээ. ОХУ-ын Казань хотноо болсон оюутны Универсиад их наадамд шигшээ багийн залуус тун ч амжилттай оролцсон. Яван чангарч байгаа залуус гэж тэднийг л хэлнэ. Одоо харин олон улсын тэмцээн уралдаанд алгасалгүй оролцуулж, АНУ юм уу дэлхийд сагсанбөмбөгийн спортоор тэргүүлэгч орноос туршлагатай дасгалжуулагч, сэтгэл зүйчдийг татан авч ирж бэлтгэл сургуулилтийг нь хийлгэмээр санагдах юм. Олон улсын түвшинд хараад, харьцуулаад байхад Өмнөд Солонгосын оюутны шигшээд тоглож байсан холбогч нь болох 23 дугаартай хүү энэ жил улсынхаа шигшээд шалгараад тоглож байх юм. Гэтэл манайх хэдэн жилийн өмнө тоглодог байсан тамирчдаа жил бүрийн тэмцээнд голлон илгээсээр. Ингэхээр залуу тамирчид туршлага суухад жаахан хойрогдох гээд байгаа муу талтай. Мөн сагсан бөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлүүд сэтгэл зүйн бэлтгэл үнэхээр хангалтгүй санагддаг. Эмэгтэй шигшээ гэхэд л ОХУ-ын оюутны шигшээ багийн охидод 123:23 онооны зөрүүтэй ялагдал хүлээнэ билээ. Аргагүй шүү дээ, одоо л эмэгтэй шигшээ багийг нэг баг болгон зангидан ажиллаж эхэлж байгаа юм чинь. Тиймээс энэ талын асуудлыг ч нэн түрүүнд бодолцож багийн спортын тамирчдыг бага балчир наснаас нь барьж ажиллавал илүү амжилт гарах байх шүү.
Бүгдийг нь бас муу байна гээд яах вэ.Манай жүдо бөхийн заал бусдыгаа бодоход арай дээр.Х.Баттулга хүүдээ баярлаж явдаг юм. Ямар сайхан шинэчлэлт хийж баг тамирчдаа удирдаж надад ч гэсэн дэм болж явдаг гээч. Тиймдээ ч Монголчууд олимпод оролцож эхэлсэн цагаас хойш 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн олимпийн наадамд -100 кг-д зодоглосон Н.Түвшинбаяр хүү минь олимпийн анхны алтан медалийг авч ирсэн бол өнгөрсөн Лондонгийн олимпийн наадмаар аваргын дайтай мөнгөн медаль хүртэж элэг нэгт монголчуудаа баярлууллаа. 73 кг-д зодоглосон С.Ням-Очир хүү ч олимпийн хүрэл медаль хүртлээ. Үнэхээр бахдам амжилт шүү. Үе үеийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид ч байнга шилдэг нь байдагт өвгөн ах нь бахархаад баршгүй.
Цагаанаа хүү минь байна. Олимпийн алтан медалийг хүртэж чадаагүй ч тив, дэлхийн бусад тэмцээнд бүгдэд нь аваргалсан. Мундаг хүү шүү.
Спорт холбоод, баг тамирчид олон улсын тэмцээн уралдаанд хамгийн өндөр амжилт гаргаж байгаа нь хамгийн гол нь удирдлагатай нь холбоотой юм шиг санагддаг. Санхүү, бэтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг нь сайн хангаж өгдөг нь манай Х.Баттулга хүүгийн тууштай зан. Өөрөө тамирчин байсан хүн тэдний жаргал зовлонг хамгийн сайн мэддэг юм шиг санагддаг. Тиймээс сайдаа, спорт холбоодын удирдлагыг хамгийн зөв хүнээр сонгож байж л цаашдаа хөгжинө. Чөлөөт бөхийн холбооны шинэхэн ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа их аварга Д.Дагвадорж хүү ч их юм хийнэ дээ. Та нар харж л байгаарай.
Сайны хажуугаар саар юм бас байх юм аа.Ингээд л яриад байвал. Надад зовох юм олон байдаг. Манай улсад Ази тивийн хүндийн өргөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Шигшээ багийн 24 тамирчин оролцох гээд өдөр шөнөгүй л бэлтгэл сургуулилтаа базааж байгаа харагдсан. Хүндийн өргөлтийн хүүхдүүдээс минь Ази тивийн удаа дараагийн аварга төрөн гарсан болохоор дасгалжуулагч хүү амжилтаа бататгана гээд л тэмцээндээ төвлөрч тамирчдаа идэвхтэй бэлтгэл сургуулилтийг нь хийлгэж байсан нь тэр байх.Тэдний минь заал танхим техник хэрэгсэл үнэндээ хуучирчээ. Жинхэнэ өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээрээ л өдий хүртэл бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байгаа нь энэ байх. Та нар хардаа, энэ танхимыг./ Хүндийн өргөлтийн бэлтгэлийн заалыг харуулав/ Үнэхээр жижигхэн. Бараг л нэг айлын томоохон унтлагын өрөө шиг байгаа биз дээ. Хүндийн өргөлтийн тамирчдаа нэг тохьтой өрөөтэй болгочихвол энэ яваа насны минь мөрөөдөл биелэх нь тэр.
Энэ заалнаас гараад явахад айлын хонгилд дугуй оруулаад тавьчихсан хүүхдүүд зураг хөрөг өө авахуулах гээд байгаа юм уу, анх удаагаа дугуйн дээр сууж үзээд ч байгаа юм шиг дүр зураг харагддаг даа. Угтаа тийм биш ээ. Манай дугуйн спортын шигшээ багийн тамирчид шүү дээ. Бараг л худлаа хэлсэн хүнд та нарын угаалгын өрөөнөөс жижигхэн өрөөнд байрлацгаадаг юм. Бусад спортын төрлүүд, холбоод шиг тулгамдаад байгаа асуудлаа нэн түрүүнд шийдүүлж чаддаггүй хүүхдүүд байгаа юм. Ийм нэг холбоод, энэ мэт тамирчдыг анхааралдаа авахгүй бол спорт хөгжихгүй шүү.
За тэгээд өдөрт элдвийг бодсоор суух юм. Миний дүү гэх1977 онд байгуулагдсан гимнастикийн заал байна.Өвөлдөө маш хүйтэн. Уг нь чааваас 100 гаруй сая төгрөгөөр улсаас засвар хийж өгсөн юм гэсэн. Гэтэл ямар ч нэмэр алга. Улсад болон Биеийн тамир спортын газарт санал хүсэлтээ тавьсан л юм гэсэн. Шийдэж өгсөн асуудал нэг ч байхгүй. Та нар бодоод үз л дээ.…Тоног төхөөрөмж нь үнэхэээр инээдтэй. /Инээв/ 1988 оны Сөүлийн олимпийн наадамд хэрэглэж байсан техник хэрэгсэл дээр тамирчид нь бэлтгэлээ базаадаг. 80 гаруй хувь нь ЗХУ-ын үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Хэцүүхэн байгаа биз сайд аа. Энэ орчинд багш дасгалжуулагчид, тамирчид маань бэлтгэл сургуулилтаа базааж бас л тив дэлхийд амжилттай оролцоод л байна. Та бүхэн мэднэ, дээ. Сингапурын анхдугаар хүүхдийн олимпийн наадамд аварга болсон Г.Эрдэнэболд маань байна.Мундаг хүү шүү.Ийм орчин нөхцөлд бэлтгэл хийж олимпийн аварга болно гэдэг чинь бахархалтай явдал байгаа биз дээ.Тиймээс сайд аа, гимнастикийн тамирчиддаа хамгийн түрүүнд дэлхийн стандартад нийцсэн заал танхим барьж өгөх, шинэчлэх тал дээр анхаараарай. Тэгэхгүй бол ийм маягаар бэлтгэлээ базаахад муугаар бодоход хамгийн түрүүнд бэртэх гэмтэх аюултай байна.
Миний хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл юу гээч. ОУ-ын тэмцээн уралдаан манай улсад болоход. Үнэндээ би ичдэг юм. Тэр өндөр хөгжилтэй орнууд чинь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс хамгийн түрүүнд спорт сургуулиуддаа түшиглэсэн бүхэл бүтэн спортын цогцолбортой байдаг. Гэтэл би монголдоо байдаг цорын ганц Спортын төв ордон нь гээд байгаа юм шүү. “Буянт-Ухаа”-г мэндлэхээс өмнө ш дээ. Зарим нэгэн спорт холбоодууд мөнгө төгрөгдөө нарийлдаг юм уу яадаг юм.
ОУ-ын тэмцээн уралдааныг дан ганц миний бие зохион байгуулна аа. Өнөөх гадны тамирчид нь орж ирэхдээ л хамар амаа дараад, “А” заал руу орохдоо ч мэл гайхаж цэл хөхөрнө шүү дээ. Намайг голж байгаа нь тэр. Өөрөөсөө ичин барин сууж байхад өнөөх манай үзэгчид чинь намайг тив, дэлхийн хэчнээн олон аварга төрүүлснийг үл тоомсорлон, энэ муу ордонг нураагаад шинэчилэхэд яадаг юм.
ОУ-ын тэмцээн уралдаан болоход үнэхээр нүүр улайгаад байх юм гэлцдэг. Үүнийг сонсохоор хурдан шиг намайг буулгаж дэлхийд үнэлэгдсэн спорт цогцолбор бариасай гэж хүсдэг юм. Тэр үед харц дээгүүр, цээж дүүрэн амьсгалах юмсан. Энэ цаг удахгүй ирж, түүнийгээ дагаад тамирчдын амжилт илүү ахих байх гэдэгт би итгэдэг юм.
За ингээд хамгийн сүүлд спорт сонирхогч ард түмнээсээ нэн түрүүнд гуйх нэгэн хүсэлт байна. Олон жилийн туршид миний ажигласан ганцхан зүйл. Та нар тамирчдыг тэмцээн уралдаанд амжилт гаргаад ирэхэд нь баярлан угтаж авдаг. Харин унахад нь түших зориг тэвчээртэй байгаарай. Тэд чинь урмын амьтад шүү дээ. Хараад л байдаг юм муу хүүхдүүдээ. Ямар нэгэн тэмцээнд оролцож ирчихээд ялсан ч, ялагдсан ч цахим ертөнцийн сэтгэгдэл буланг ихэд сонирхоно оо. Ялсан нь урам авахад ялагдсан нь цаашдаа спортод өөрийгөө зориулах сэтгэлийн тэнхээгүй болдог юм шиг санагддаг юм шүү. Бид тэднийхээ өмнөөс бэлтгэл сургуулилт хийж амжилт гаргаж чадахгүйгээс хойш нэгэн сэтгэлтэй байвал Монгол хэмээх зургаан үг дэлхийд данслагдаж, төрийн далбаа тэмцээн бүрт мандах болно. Хичээнэ шүү хүүхдүүд ээ. Тийм биз дээ, сайд аа.
Та нарт хамаг зовлон жаргалаа ярьснаас хойш би амьдралдаа ганцхан атаархаж явдаг зүйлээ хэлчих үү. Би тэр Яармагийн дэнжид мэндэлсэн “Буянт–Ухаа” спорт цогцолбор дүүд атаархаад байдаг юм. Цэвэр агаарт, шинэхэн тоног төхөөрөмжид суурлигдсан заал танхим, душь, үзэгчдийн суудал олонтай гээд л… Ёоёо ингээд ярихаар сэтгэлийн гүн дэх зовлонгоо бүгдийг нь онгичсон мэт санагддаг юм. Гэхдээ энэ бол цагаахан атаархал шүү, сайд аа. Эцсийн гуйлтаа хэлчих үү. Намайг “Буянт-Ухаа” дахь спорт цогцолбороос гоё болгож өгөөрэй. Гуйх л юм тэр шүү, сайд минь. /Инээмсэглэв/ Тэгвэл Монгол Улсын спортын хөгжил дэлхийд үнэлэгдэнэ гэж боддог юм.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"