Та газраа өмчилж авсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Та газраа өмчилж авсан уу?

92.4 хувь. Энэ бол одоогоор газраа өмчилж аваагүй байгаа иргэдийн тоо. Хэдийгээр иргэн бүрт газар өмчлүүлэх түүхэн хууль 2002 онд гарч байсан ч 11 жилийн турш монголчуудын наймхан хувь нь л газраа албан ёсоор өмчилж авч. Хэн хүнгүй газар бол үнэт баялаг гэж мэддэг ч 92,4 хувь нь одоо хүртэл газар аваагүй гэхээр гайхалтай байгаа биз? Яагаад… энэ асуултыг бид иргэдэд тавьсан юм.

Нийслэлийн иргэдийн хувьд авья гэсэн ч ойрхон, дэд бүтэцтэй газар үгүй гэж тайлбарладаг бол албаны хүмүүс иргэд өөрсдөө хэтэрхий хойрго байна гэдэг. Харин иргэд хэрхэн хариулах бол?  

Баянзүрх дүүргийн иргэн Р.Сувд: Яаж хөөцөлдөхөө мэдэхгүй байна

-Газар өмчлөлийн талаар мэдээлэл муу байна. Би Баянзүрх дүүргийн иргэн. Ам бүл тав, айлын хашаанд амьдардаг. Газар өмчлөлийн талаар мэдээлэл маш бага байна. Ажил төрөлтэй болохоор тэр болгон хөөцөлдөөд явах боломжгүй байдаг. Манай тэр хавиар газар байхгүй гэсэн. Ер нь бол хөөцөлдөе гэхэд яаж хөөцөлдөх, газраа яаж авах гэх мэтээр мэдээлэл муу байна.

Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын дарга н.Батсайхан: Өмчийн газар хувь хүний баялаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй

-Газар өмчлөх нь маш зүйтэй. Монголчууд дэндүү уудам, цэлийсэн нутагтай учраас газраа авахгүй тайван байгаад байх шиг. Газар бол хамгийн үнэтэй баялаг. Газрын маш түргэн өөрийн болгож авч, өөрөө өнөөдрийн зах зээл дээр амьдралын баталгаатай болох, орлогоо нэмэгдүүлэх, ашиг олон өнцгөөс нь иргэд бас харах хэрэгтэй. Саяхан нийгмийн даатгалын нөхөн төлөх хууль гарсан яг энэ хуулийг хэрэгжүүлсэн шиг далайцтай ажил болгож, иргэн бүрийн сэтгэхүйд нөлөөлж, орчин цаг үетэй нь холбон үнэ цэнэтэй гэдгийг ухуулах хэрэгтэй. Газар хэдий чинээ үнэтэй байна тэр чинээгээр тохижилт сайтай, хүмүүс зөв ашилана, цаашдаа өвлөнө, хадгална гэх зүйл бий болно. Ялангуяа хөдөө орон нутагт ч гэсэн иргэн бүрийг газартай болгох ажлыг эрчимжүүлж хийх ёстой. Хамгийн чухал нь иргэдэд газар бол таны ирээдүйн баталгаа гэдгийг ойлгуулбал иргэд өөрсдөө газраа авах хүсэлтэй болно.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Ганбат: Газраа хөөцөлдөж үзээгүй

-Газар өмчлөлийн талаар мэдээлэл муу байна. Нийслэлд газар байгаа ч тэр нь маш хол олгогдож байна. Хотын төвд ажилтай хүн хол руу явна гэдэг хэцүү шүү дээ. Би газар авах талаар огт хөөцөлдөөгүй. Гэхдээ ойр орчмын хүмүүсийн яриагаар бол газар олдохгүй, газрын албан нь бөөн дараалал үүсгэж, маш их хугацаа шаардагддаг гэж ярьж байсан. Тиймээс газар өмчлөх талаар хөөцөлдөе гэж боддоггүй.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Чулуунбат: Мэдээлэл муу байна

-Газар өмчлөлийн талаар интернэтээс мэдээлэл их хайдаг. Бидний хувьд ажилтай учраас ажлынхаа хажуугаар хөөцөлдөх, мэдээлэл олж авах ганц гарч нь интернэт байдаг. Гэтэл одоо Баянзүрх дүүрэгт гэхэд газар байхгүй, энэ талаар мэдээлэл олдохгүй байна.  Мэдээж газраа өмчлөх талаар бодож, судалж байгаа. Гэвч газрын алба иргэддээ мэдээллийг маш тодорхой, товч олгох хэрэгтэй. Газар өмчилнө гэж ярихаас илүү газраа өмчилж авбал танд ийм ашигтай, энд газар авах боломжтой гэдэг мэдээллийг иргэдэд өгвөл хүмүүс газраа өмчилж авах тал дээр өөр хандах байх. Хамгийн гол нь газрын алба мэдээллээ сайн өгөх хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №024

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж