Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ, Хөдөлмөрийн яам, ГИХАЭГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөлөл, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрын тэргүүн нар хүрэлцэн ирж оролцлоо.
Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох, Хонгконг-той иргэд харилцан визгүй зорчих хугацаа 14 хоног байгааг 30 хоног болгон сунгахад Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн удирдлагатай ярилцаж дэмжлэг үзүүлэх, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталж, ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох зэрэг асуудлыг хөндөж ярив.
Түүнчлэн, хоёр улсын боомтуудад, тухайлбал Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Монгол Улс -БНХАУ-ын “Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги мандлын боомтуудад ачаа тээвэр хийж буй автомашинуудаас хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, уддаг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг мэдээлж, зохих арга хэмжээ авах хүсэлтийг судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.
БНХАУ-д хугацаатай хорих ял эдэлж байгаа 12 иргэнээ шилжүүлэн авах хүсэлтийг Монголын талаас энэ онд тавьсныг хүлээн авч хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаад талархал илэрхийлж, БНХАУ-д ял эдэлж байгаа, саатуулагдан шалгагдаж байгаа иргэдэд анхаарал тавьж консулын албан тушаалтан, ар гэрийнхнийг саадгүй уулзуулж, утсаар яриулж, захидал харилцаатай байлгаж, явуулсан мөнгө, хувцас зэргийг саадгүй оруулж байгаад талархал илэрхийллээ.
2013 оны 7 дугаар сарын байдлаар Монгол Улсын 54 иргэн БНХАУ-ын 9 хотод ял эдэлж, 82 иргэн тус улсын 11 хотод гэмт хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа мэдээлэл байна. Хоёр орны ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалт нь 15 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд хоёр орны иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, консулын холбогдолтой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх, дараагийн алхмаа тодорхойлох чухал ач холбогдолтой механизмын нэг юм. Манай улс ОХУ, БНКазУ, БНТуркУ, БНСУ-тай мөн консулын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлээ.