
“Г.Буяндоржийн гэрийг битүүмжлэн, хууль хяналтын байгууллагын алба хаагчид бололтой залуус үүдэнд нь отож байна” гэх албан бус мэдээллийг тодруулахаар Г.Буяндоржийн гэрийг зорьсон юм. Түүний оршин суудаг “Sky tower” хорооллын энэхүү орон сууц нь хамгаалалт, камерийн системээр бүрэн тоноглогдсон тул нэвтрэх боломжгүй байв. Харин орон сууцны жижүүртэй /нэрийг нууцлав/ уулзаж, дараах асуултад хариулт авлаа.
-Танай байрны оршин суугч Г.Буяндоржийг мөрдөн байцаалтын үеэр оргон зайлсан хэрэгт буруутган эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээллийг тодруулахаар энд ирсэн юм. Танд энэ талаар мэдсэн зүйл байна уу. Танай байранд албаны хүмүүс ирсэн болов уу?
-Хоёр хоногийн өмнө, шөнө дунд хар хувцас өмссөн хэдэн залуус ирж, үнэмлэхээ үзүүлээд, “Нууцаар уулзаж, асуух юм байна” гээд намайг байрны гадаа дагуулж гаран уулзсан. Тэд нар “Г.Буяндорж болон түүний гэргий Т.Ариунааг гэртээ ирэлгүй хэд хонож байгаа, тэр өдөр байрны гадаа ирсэн 78-78 дугаартай автомашинаар /Т.Ариунаагийн машиныг хэлэв/ хэн ирсэн” гэхчлэн хэдэн асуулт асуусан. Би мэдэж байгаа бүхнээ хэлсэн. Харанхуйд харааны шилгүй байсан болохоор харуулсан үнэмлэхийг нь нарийн сайн харж амжаагүй, бодвол хууль хяналтын газрын залуус байсан болов уу.
-Гэрийг нь битүүмжлээгүй гэсэн үг үү?
-Тэр бол ёстой худлаа. Гэрийг нь битүүмжлэхээр ирсэн хүмүүс байхгүй. Тийм зорилготой хүмүүс ирээгүй. Ирсэн бол би мэдэлгүй яахав.
-Г.Буяндорж гэртээ ирж байгаа юу?
-Г.Буяндоржийг харалгүй нилээд удаж байна. Үндэсний баяр наадмын үеэр гэртээ байсныг нь бол сайн санаж байна. Эднийхэн хөдөө, гадаа ажлаар их явдаг хүмүүс байх. Ажил ихтэй байдаг байлгүй дээ. Харин эхнэр Т.Ариунаа нь хоёр хоногийн өмнө гэртээ байсан.