Хүн худалдаалдаг бүлэг Хятадуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалдаг бүлэг Хятадуудыг баривчилжээ

Испани болон Францын цагдаагийн газраас хүн худалдаалах болон бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулдаг гэх хэрэгт сэжиглэгдсэн 75 хүнийг илрүүлэн баривчилжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн хоёр гол сэжигтнийг үл тооцвол хуурамч бичиг баримт бүхий 49 хүнийг Испанийн Барселона, Мадрид, Пальма болон өөр таван хотоос, 24 хүнийг Францаас илрүүлэн баривчилсан аж.

Албаныхны мэдээлснээр баривчлагдаад буй хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчдийн ихэнхи нь хятадууд бөгөөд тэднийг БНХАУ-аас удирддаг байсан нь илэрсэн байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хамсаатан, толгойлогчдын дунд Европын иргэд ч цөөнгүй байгаа гэнэ. Испанийн цагдаагийн газраас хийсэн мэдээллээр гэмт хэрэгтнүүд 53 мянгаас 66 мянган ам.доллараар хуурамч бичиг баримт гаргуулан АНУ, Испани, Франц, Грек, Итали, Их Британи, Ирланд, Турк улс руу нэвтэрдэг байжээ. Түүнчлэн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн хэрэглэж байсан Япон, Малайз, Хонг Конг, Сингапур, Өмнөд Солонгос, Тайван улсынх мэт харагдах боловч Хятадад дуурайлган үйлдсэн 81 хуурамч паспорт, гурван laptop компьютер, принтерүүд, 22 хуурамч тамга болон бусад бичиг баримтыг хураан авсан байна.

Эдгээр гэмт хэрэгтнүүд хоёр жилийн өмнөөс Хятадын иргэдийг Европт сайхан амьдрал амлан хуурч авчиран, хүнд хөдөлмөр эрхлүүлж, биеийг нь үнэлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байжээ. Испанийн цагдаагийн газраас сүүлийн жилүүдэд Ази, Африкаас зүүн Европ, Испанийг чиглэсэн хүн худалдаалдаг гэмт хэргийн сүлжээг мөрдөх ажиллагаанд анхаарч байгаа ба эхний сэжигтнүүдийг өнгөрсөн зургадугаар сард баривчилжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж