Индонезийн Палу аралд орших Рокатенда галт уул өнгөрсөн бямба гаригийн өглөө идэвхжин дэлбэрснээс болж зургаан хүн амь үрэгдсэн байна. Хохирогчдын дунд хоёр хүүхэд байгаа гэнэ. “CNN” агентлагийн мэдээлснээр Рокатенда галт уулын оргилоос 2000 метр өндөрт дээш суунагласан хар утаа үүсээд байгаа ба ойр орчимд нь үнс нурам, хад чулуу цацагдаж, халуун хайлмаг урсаж эхэлсэн аж. Индонезийн галт уул судлалын албаныхны зүгээс иргэдийн аюулгүй байдлын үүднээс Рокатенда галт уулд гурван км-ын радиусаас ойр зайд зорчихгүй байхыг анхааруулжээ.
Палу арал нь Индонезийн нийслэл Жакарта хотоос зүүн зүгт 2000 гаруй км-т оршдог бөгөөд 10 мянга орчим оршин суугчидтай аж. Үүнээс өмнө өнгөрсөн 2012 оны аравдугаар сард Локон галт уул дэлбэрч, халуун лав усрган, үнс нурам цацалж байсан нь хамгийн том дэлбэрэлтэнд тооцогддог аж.
Б.АНХТУЯА