Сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “ Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

  • 2012-2013 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатын (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2013-2014 оны хичээлийн жилд VI (12 жилийн), VII (11 жилийн), IX ангид суралцах сурагч байх;
  • VI (12 жилийн), VII (11 жилийн) ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;
  • IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
  3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно./
  4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
  5. Ерөнхий боловсролын 5 дугаар анги төгссөж, сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын тухайд 11 жилийн 5 дугаар анги, 12 жилийн 5 дугаар ангийн аль ангийг төгссөн тухай сургуулийн тодорхойлолт шаардагдана.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн 5 дугаар анги төгссөн сурагчид дээрх сургуулиудын 6 дугаар ангид, 11 жилийн 5 дугаар анги төгссөн сурагчид дээрх сургуулиудын 7 дугаар ангид элсэн суралцах сонгон шалгаруулалтад оролцоно.

Дээрх сургуулиудын 6, 7 дугаар ангид элсэн суралцах сонгон шалгаруулалтад оролцох сурагчдаас математикийн, 9 дүгээр ангид суралцах сонгон шалгаруулалтад оролцох сурагчдаас математик, англи хэлний шалгалт тус тус авна.

Бүртгэлийг 2013 оны 8 дугаар сарын 15-26-ныг дуустал ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах газрыг бүртгэлийн үед зарлана. Сонгон шалгаруулалтын дэгийг боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Сонгон шалгаруулалтын дүнг 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

Жич:

Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж