
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол зэс” компани байгуулахаар болсноо дуулгасан нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд Оюутолгойн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай нийлүүлж, “Монгол зэс” компани байгуулах тухай мэдээлэл бий. Компанийн нэрээр олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгон зэс хайлуулах үйлдвэр барих, дагалдах бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Засгийн газар одоогоор Оюутолгой төсөлд эзэмшиж буй хувиа олон нийтийн компани байгуулан шилжүүлж, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалж байгаа. Ингэснээр эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэж, иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадна гэх үзэж байгаа. Юутай ч “Монгол зэс” компанийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх бололтой.
Ж.ЭРХЭС