Хятадад худалдагдсан ихэр нярайг аварчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Хятадад худалдагдсан ихэр нярайг аварчээ

Хятадад өнгөрсөн долоо хоногт эх баригч эмч шинэ төрсөн нярайг бусдад худалдсан хэрэг илэрч, шуугиан тариад байгаа билээ. Хятадын Шаньси мужийн Фупин хотын эх барих, хүүхдийн эмнэлэгт өнгөрсөн долдугаар сарын 16-нд төрсөн нярайг эх баригч эмч нь бусдад худалдсан байсныг цагдаа нар олж, авсарсан юм. Хятадын цагдаа нар ДНК-ийн шалгалт хийснээр бусдад хууль бусаар худалдагдсан нярайг Хэнань мужийн Анянг дүүргээс олж илрүүлсэн байна. Энэ хэргийг Фупин хотын эх барих, хүүхдийн эмнэлэгт эх баригчаар ажилладаг эмч, эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамтран үйлдсэн болох нь илэрчээ.

Тэгвэл цагдаа нар мөрдлөгийнхөө явцад тэрхүү эх баригч эмч өнгөрсөн тавдугаар сарын 29-нд төрсөн ихэр нярайг бусдад худалдсан байсныг ДНК-ийн шинжилгээгээр олж илрүүлжээ. “China Daily” сайтад мэдээлснээр цагдаа нар өнгөрсөн пүрэв гаригт ихрүүдийг олж илрүүлсэн ба өнөөдөр эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Хятад даяар эх баригч эмч нярайг бусдад худалдсан мэдээлэл анх цацагдсанаас хойш үүнтэй төстэй 55 хэргийн гомдол цагдаа нарт ирсэний 26 нь Шаньси мужийн Фупин хотын эх барих, хүүхдийн эмнэлгийн дэд захирал Жанг Шусиаг чиглэж байгаа гэнэ.  Одоогоор цагдаа нар Фупин хотын эх барих, хүүхдийн эмнэлгийн дэд захирал Жанг Шусиаг баривчлан, мэдүүлэг авч байгаа юм байна. Жанг Шусиа нь эх баригч эмчтэй хамтран хохирогч нярай хүүхдүүдийг төрөлхийн хүнд өвчтэй төрсөн гэх хуурамч бичиг баримт үйлддэг байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж