Алдаа онооны анхаарал татсан ухаарал, сургамж

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Алдаа онооны анхаарал татсан ухаарал, сургамж

/Зарим сонин хэвлэл, сайтуудын мэдээллийн тоймоос сэдэвлэсэн шүүмж/

Энэ долоо хоногт олон түм­ний анхаарлыг өөр­төө гойд татсан гол үйл явдал нь МАН-ын ээлжит ба­га хурал байлаа. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт хийх бол, удаа да­раагийн ялагдлынхаа учир шалт­гааныг уудлан ярилцаж ча­дах нь уу, үгүй юу, ээлжит их хурлаа хэдийд товлон зарлах бол гэж монголын нийгэм хүлээж байлаа.

Үүнд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн бага хуралдаа тавьж хэлэлцүүлсэн “Оноо, алдааны нэгэн жил: ухаарал, цаашдын зорилт” илтгэл хариулт өглөө гэж бо­дож байна. Өдөр тутмын  сонин­гуу­дад, тэрчлэн монголын гол­лох мэдээллийн бүх сайтуудад бү­рэн эхээрээ болон товчлон нийт­­лэгдсэнийг олж үзлээ. Гүйл­гэж харлаа. Учирлан тайл­бар­­лаж, ухааруулан сэнхрүүлж, ан­хааруулж сэрэмжлүүлсэн аятай­хан илтгэл болжээ. Үнэ­лэлт дүгнэлттэй, тоо ба­римт­тай, чиглэсэн зорилттой нь ан­хаа­рал өөрийн эрхгүй татав. “Энэ цагийн төрх араншинг мэ­дэрч, ялалт ба ялагдлын мөн чанарыг ухаарч, өрөөлийг бас өөрсдийгөө олж харцгаая” гэ­жээ. Оршин аж төрж буй цаг үеэ зөв ухаарч мэдэрч ажиллана гэ­дэг улстөрийн аль ч хүчний хувьд тэргүүн зэргийн зорилт. 1996  онд нэг удаа бүдрэн унаж ялагдлын гашуун сургамж амсаж туулсан ч түүнийгээ тун удалгүй умартаж орхиод үүрд мөнх засаглах юм шиг хан­халзаж эхэлсэн МАН-ын дар­гын амнаас ийм үг унах цаг бол­соон. Өнөө цаг үе өчигдрөөс ч хүнд, хэцүү болчихоод байгааг мэдэрч ажиллахгүй бол түү­хийн тавцнаас аль ч улс төрийн хү­чин аяндаа арчигдана.

Үүнийг Ө.Энхтүвшин дарга олж харж 1996 он ба 2012-2013 оны улс тө­рийн нөхцөл байдлыг харь­цуу­лан жишиж АН өөрт олдсон да­вуу талыг хоромхон ч алдахыг үл  хүсч түрэмгий, хонзогносон шинжтэй, 1996 онд чадаагүйгээ заавал гүйцээнэ гэж шүд зуусан төрхтэй, илүү зохион бай­гуу­лалттай цогц бодлого, үйл ажил­лагааг хэрэгжүүлж эхэл­сэн нь тод харагдаж байна гэж илт­­гэлийнхээ эхний хэсэгт онц­лон анхааруулжээ. Үүнтэй мян­га мянган гишүүд дэмжигчид төдий­гүй хар ухаантай монгол хүн бүр санал нийлэх буй заа. Учир нь үүний горыг ажлаасаа халагдаж гудамж метрлэж яваа олон мянган хүн биеэрээ мэ­дэрч яваа, орон шоронгийн үүд татсан олон хүний ар гэрийнхэн яс махаараа амсч байгаа. МАН-ын гишүүн гэж чанга дуу гара­хаасаа айж эмээгсэд ч зүрх сэтгэлээрээ мэдэрч яваа. Мон­голын улс төр өнөөдөр ичгүүр сон­жуургүй болон эрээ цээрээ алдаж атаа хорсол, айлгалт тулгалт, заналхийлэл сүрдүүл­гээр бялхаж байна. Ийм замд орох үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн МАН өөрөө гол буруутан нь. Үүнийг би тус намын мянга мянган гишүүдийн хаягаар бус ууж идэхийн дон шүглэсэн урагшгүй зарим удир­дагчдынх нь нэр дээр цохон хэлж байна. Найман оны нам­рын хүйтэн борооноор хаана буу­хаа мэдэхгүй нүүж гундаж явахад нь “Монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэ­рийнхээ талыг зайчлан өгч дө­рөв шахам жил хамт аж төрс­ний хариу нь ингэж тусч байна гэж Ө.Энхтүвшин илтгэлдээ ха­рамсан өгүүлжээ. Үнэнийг улаан нүүрэн дээр нь улалзтал хэлсэн байна.

МАН-ын Бага хурлын танхимд сууж байсан ганц нэг эрхмүүдэд энэ үг юу гэж санагдсан бол гэдэг нь тун сонин. Жингэр нохой хуцаж л байдаг,  жингийн цуваа явж л байдаг гэсэн байдлаар л чих­нийхээ хажуугаар өнгөрүүлсэн бо­лов уу даа. МАН-ыг баяжих хөлжих хэрэгсэл болгон ашиг­лаж язартлаа түнтийсэн тэ­дэнд одоо Монгол бараг падгүй бол­сон байлгүй. Олон хүний нус нулимс, зовлон зүдгүүр, ажил­гүйдэл ядуурлаар цөөхөн хүн хагарт­лаа баяжсан нь нууж хааж боломгүй бодит үнэн юм чинь. Тэд бол үзэл бодол, улс  төрийн үнэнч шударга тэмц­лээрээ нийлж нэгддэггүй, гагц­хүү амин хувийн ашиг со­нир­хол, хэтэвч түрийвчээрээ хү­зүү сээрээрээ холбогддог улс. Тэдэн дотор МАН-ын бат­лах өвөртөлсөн харийн намын “өс­төн дайснууд” ч бий. “Өөрс­дийн нөхдөөс илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, га­шуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно” гэсэн Ө.Энхтүвшингийн илтгэл дэх энэхүү дүгнэлт алдаа оноо­ных нь нэг гүн ухаарал, цааш цааш­дын үйл ажиллагааных нь онц­гой сэрэмжлүүлэг, МАН-ын өнөөдрийн даргын алтан гэрээс­лэл адил сонсогдож байна. Үүнийг мартвал МАН үгүй болж тун болзошгүй. Хожимд­сон ч гэсэн ойлгож ухаарсан нь том алхам.

Чухамхүү дээрх алдаанаас болж олон хүн МАН-аас нүүр буруулсан, удирдлага болоод гишүүд дэмжигчдийн хооронд ан цав, үл ойлголцол үүссэн, үйл ажиллагаа нь бүдгэрэн идэвхгүй болж улмаар хагаралдаж дотроо хоёр ху­ваагдах нэг шалтаг болсон. Ямагт марталгүй санаж явбал зохил­той гашуун үнэн бол энэ яах аргагүй мөн. Сүүлийн хорь гаруй жил МАН-ыг толгойлсон нэг ч даргын амнаас ийм үг унаагүй юм, харин Ө.Энхтүвшин түс тасхан хэлж чадлаа. Энэ бол түүний илтгэлийн нэг гол амин сүнс нь мөн. Энэ санаагаа улам тодотгож “Бүдэрсэн дээр нь түлхчихье гэсэн бодлого, түрэмгийлэл өдрөөс өдөрт эрчимжинэ гэдгийг өглөө бүр бие биедээ сануулж, эв нэгдлээ урьд урьдынхаас илүү бэх­жүүлье.

Бие биесээ шүүмжилц­гээе, гэхдээ хэмлэхгүй байя” хэ­мээн уриалжээ. Энэ ухаарал, гашуун сургамж биш гэж үү. “Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс, харин ололт ам­жилт бол баг, хамт олон,  магад­гүй мянга мянган хүний бүтээл бай­даг билээ” гэж тэр хатуу ан­хаа­руулаад зогссонгүй би өөрөө на­мын дарга давуу эрх эдлэх ёсгүй гэсэн байр суурийг барим­талж ажилласан, үүнийгээ на­мын ардчилал, шинэчлэлийн нэгээхэн хэсэг гэж ойлгож бай­гаа гэжээ. МАХН буюу МАН-ын үе үеийн дарга нар “хаан” эрх, мэд­лийг эдэлж ирсэн нь хэнд ч нууц биш билээ. Харин Ө.Энх­түвшин тэгсэнгүй. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд нам дотроосоо нэр дэв­шигчийг тодруулах явцад хам­гийн тод харагдсан юм. Ийм жишээ, зоримог туршилт урьд өмнө тус намд хэзээ ч гарч байгаагүй.

Үүнээс Ө.Энхтүвшин бол шинэ санал бодолтой ши­нэчлэгч удир­­дагч гэдэг нь тод харагдаж бай­­на. Тэгэхдээ энэ шинж ча­­нар нь түүн рүү дайрч давш­­лах, өөлж муучлах бас нэг шал­таг болсныг нуух хэрэггүй юм. Хатуу гарт атгагдаж “хаан”-ы харцаар хөдөлж сурчихсан дол­дойч, зулгуйчид нэг талаас түү­нийгээ эргэн санагалзаж, нөгөө та­лаас зөөлөн хүнийг барьж идэж, түлхэж унагахад амархан “зөөлхөн хоол” гэж тооцоолсон нь ойлгомжтой. Уг нь Ө.Энх­түв­шин хатуу, зөөлнийг хос­луулж зарим “нөхдөд” нудар­га­ны амт үзүүлсэн бол өнөөдөр нам доторх бужигнаан нь арай өөр байдалтай байсан байж ч мэдэх юм. Зөөлөн нь хатуугаа дийлнэ гэсэн зарч­маар ажил­ла­сан гэж тэр хэлжээ. Ус­ны урс­гал хад асгыг ч элс бол­годог нь үнэн. Энэ үнэн бол урт удаан цаг хугацааны тухай ойл­голт. Улс төрийн тэмцэл нь маш хувь­­самтгай, цаг мөчтэй уралдсан ог­цом өөрчлөлт, онцгой хурц мэд­рэмж, эрсдлийг ч шаарддаг. На­мын өнөөгийн үйл ажил­ла­гааны гол гол дутагдлаа олж ха­рах оролдлого хийсэн нь онц­гой сод­ноор нүдэнд тусч байна.

Ний­гэм дэх эргэлзэн тээ­нэ­гэлзэгч буюу “хөвөгч хэсэг”-т, тэрч­лэн залуучууд, ялангуяа оюутнуудад Ерөн­хийлөгчийн сон­гуулийн кам­панит ажлын үеэр хүрч ажил­лаж ча­даа­гүйг, олон ний­тийг өөртөө та­тах олон янзын ар­га хэлбэрийг эрж хайж гүйцэд ашиг­лаа­гүйг, НАШБ-уудаа бэх­жүү­лэхэд олиг­­той анхаараагүйг, өөрөөр хэл­­бэл на­мын байгуул­лага, ги­шүүд дэм­жигчдээ сон­гууль бо­ло­­хоор гэнэт санадаг, дай­чилж ажил­­луулах гэж оролд­дог, сонгуу­лийн мар­гаашаас мар­таж орхид­гийг, сүү­лийн үед сон­гуульт идэвхтнүүдийн идэвх санаачилга суларсан зэр­гийг хурцаар шүүмжилж, учир шалт­гааныг уудлан илчилжээ. МАН-ын Удирдах Зөвлөл, НБХ-ын гишүүдийн зарим нь сонгуульт үүр­гээ биелүүлдэггүй юм байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн кампанит ажлын үеэр Улаан­баатарт оршин сууж байгаа намын Бага хурлын 127 ги­шүүнийг цуглуулах гэж хэд хэд орол­доод хамгийн дээд тал нь 23 хүн ирж байв гэж баримт дурьдан шүүмжилжээ. Энэ бол итгэхэд бэрх баримт. Яах гэж тэднийг сон­госон байнаа. Ха­туухан хэлэ­хэд, МАН-ын дотор­хи хүнд суртал, ялзрал. Энэ мэ­тээр үйл ажил­лагаандаа үнэн зөв шүүмжлэлтэй хан­даад цаа­шид арга барил, үйл ажил­лагаа, бү­тэц, зохион бай­гуулалтаа зайлш­гүй өөрчлөх шаард­лагатай гэсэн дүгнэлт хий­сэн байна. Намын дүрмэндээ то­моо­хон нэмэлт өөрчлөлт оруулах за­маар сөрөг хүчний цомхон бү­тэц, зохион байгуулалтад яарал­тай шилжих шаардлагатай гэж үз­жээ. Уян хатан, маневарлах чад­вар сайтай, уялдаа холбоо бү­хий чадамгай бүтэцтэй хүчтэй сө­рөг хүчин болж хувирах ёстой.

Ингэ­хийн тулд НБХ, НУЗ-ийн ги­шүүдийн хийгээд нарийн бичгийн дар­га нарын тоог цөөлж чиг үүр­гийг шинэчлэх, тэднийг то­дорхой цаг хугацаагаар сэл­бэж сэл­гэдэг, сольдог болгох, НУЗ-ийг төлөөллийн шинжээс нь өөр­чилж “бодлогын үйлдвэр­лэл явагд­даг уураг тархи” бол­гож зо­хион байгуулах, НУЗ ба УИХ дахь намын бүлгийн уялдаа хол­боог нягт­руулах, МАН дэргэ­дээ байн­гын үйл ажиллагаатай, мэр­гэж­лийн хүчтэй ПИАР-ын баг ажил­луулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдралын байдалд анализ хийж сөрөг  хүчний дуу хоолойгоо чан­гатгах, сонгуу­лийн тооллогын “хар машин”-ы дүнг гар тоол­ло­гоор дахин нягтлах хуулийн нэ­мэлт өөрчлөлтийг санаачлах зэ­рэг цөөнгүй саналыг дэвшүүлсэн байна. Эдгээр нь илтгэлийн маш үнэ цэнэтэй хэсгүүд болно. Өнөө­гийн Мон­гол Улсын нийгэм, эдийн засгийн байд­лын талаарх сэтгэл сэрт­хийл­гэсэн олон тоо баримтыг дурьджээ. Хүмүүс түү­нийг олж үзэж дотроо нэгийг бо­дож нө­гөөг санаасай билээ гэж хүсэх байна. МАН өнөөдөр Мон­голын ний­гэм дэх сөрөг хүчний үүр­гээ хангалттай биелүүлж огт­хон ч чадахгүй байгаа юм. Дээд бо­ловсролтой, юмны наадах цаа­да­хыг ойлгож мэдэрдэг хүмүүс үүнийг хүсэн хүлээж маш шүүмж­лэлтэй хандаж байгааг зориуд тэм­дэглэбэл зохилтой. Шинэч­лэ­лийн Засгийн газар цөөнгүй алдаа ду­тагдал гаргаж байна. Монголын эдийн засаг өсөх биш уруудах байдалтай, хүн амын аж амьдрал дээшлэх биш дордох хандлагатай болчи­хоод байгаа. Ийм эгзэгтэй цаг үед сөрөг хүчин гялалзтал ажил­лаж өөрийгөө хэн гэдгийг ард түмэндээ харуулах учиртай.

Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Хааяа нэг УИХ-ын танхимд “хэрэлдэж” байгааг эс тооцвол олиг­той ажил өрнүүлж сөрөг хүч­ний үүргээ биелүү­лэх­гүй байна. Ний­гэм дэх сөрөг хү­чинд хүчтэй ажиллах, нийгмийг эрүүл­жүүлэх, эрх баригчдын ду­раараа дургихыг хазаарлан зог­соох боломж бий. Яагаад гэвэл сөрөг хүчин зөв бодлого, үйл ажиллагаа явуулбал ард түмний дийлэнх олонхи нь дэмжиж байдаг. Худалдагдаагүй л бол чөлөөт хэвлэлийн нэг үндсэн гол шалгуур нь сөрөг хүч­нийг дэмжих явдал мөн гэж сэт­гүүлзүйн онолд тодорхойл­чихсон бай­гаа. Мэргэжилдээ, ёс зүйдээ үнэнч сэтгүүлчид үүнийг мартах учир­гүй. Монголын өдөр тутмын бүх сонин, голлох те­­ле­ви­зүүд болоод мэдээллийн сай­тууд МАН-ын бага хурлын талаар дэл­гэрэнгүй шуурхай мэдээлж, на­мын дарга Ө.Энх­түвшингийн илт­гэлийг бүрэн эхээр нь буюу товч­лон нийтэлж, нэвтрүүлсэн ба­римт ч үүний нэг тод илэр­хийлэл юм.

Товчхоноор хэлэхэд хэ­дийгээр Ө.Энхтүв­шин­­гийн хэл­сэнчлэн “Хазья гэхэд шүдгүй, мөр­гөе гэхэд эвэр­гүй, тийрье гэ­хэд туу­рай­гүй”-н зов­лон байгаа нь үнэн бо­ловч идэвх санаачилга гар­гавал сөрөг хүчинд ажиллах тал­бар Монголд хангалттай бай­на. Сөрөг хүчний үүргээ өөдтэй биелүүлж чадах­гүй байгаа улс­төрийн хүчин эрх баригч нам болж хувирахад нэн бэрх. Иргэд ит­гэхгүй. Үүнийг бас мартаж бо­лохгүй сургам­жийн нэг гэдгийг дурьдахад илүү­дэх­гүй болов уу. Ө.Энх­түв­шин илт­гэлдээ ард түмэн манай на­маас нүүр бу­руу­лаагүй, бид­нийг дэмж­сээр байна. 2012 оны УИХ-ын сонгуульд тус намд 353923 хүн санал өгч байсан бол 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд 520380 иргэн саналаа өглөө гэж тоо баримтаар батал­гаа­жуулан дурьдаад “Ард түмний дэмж­лэг хэвээр байгаа цагт бид алдаа­наасаа сургамж авч сайн ажил­лаж чадвал 2016, 2017 онд ма­най гудамжинд галын наадам болж л таарна” гэсэн өөдрөг бад­ран­гуй таамаглалыг дэвшүүлжээ. Улс­ төрийн нам тэмүүлэлтэй, зо­рилготой ажиллалгүй яахав.

Тэ­гэхдээ МАН ард түмний дунд нэр хүнд нь навс уначихсан, өөдөлж дээш­лэх боломжоо алдаж намаа балласан үл бүтэх, урвагч ганц нэг олигархи “удир­дагч”-аасаа салж хагацаж чадаагүй цагт, намыг бусадтай нийлж нэгдэн баяжиж хөлжих хэрэгсэл болгож ашиг­лаж засгийн эрхэнд гарахын тулд юу ч хийхээсээ буцахгүй бол­чихсон “цөөвөр  чононууд”-аа дав­руу­лалгүй дарж цагдаж ча­­даагүй нөхцөлд амжилтад хү­рэ­хэд тун хэцүүхэн гэдгийг шууд­хан хэлчихье. Би ухаантай мэр­гэндээ ингэж хэлж байгаа юм биш ард түмний дийлэнх олонхи нь ил тодоор ийнхүү ярьж шүүм­жилж байгаа үнэнийг нуугаад яах юм билээ. Өөр нэг бодит үнэн гэ­вэл МАН үзэл баримтлал нэгтэй МАХН-тай нийлж нэгдэх­гүйгээр, тэгж чаддаггүй юмаа гэхэд хам­тарч ажиллах­гүй­гээр, бусад дун­дыг баримт­лагч улстөрийн хүч­нүүд, мон­голын ард түмний үн­дэс­ний эрх ашигт тууштай, үнэн­чээр үйлчлэгч олон нийтийн болоод ТББ-ууд­тай ойртож нягт­рах­гүйгээр, залуу­чуудтай ялан­гуяа оюут­нуудтай тулж ажиллаж чиг­лэсэн зорилготой бодлого хэ­рэгжүү­лэхгүйгээр 2016 ба 2017 онд өмнөө тавьсан зорилтдоо хүрч яагаад ч ча­дахгүй. Энэ үнэн­тэй эвлэрэх дургүй “удирдагчид” МАН-д цөөнгүй бий. Бодит нөх­цөл байдалд үнэн зөв үнэлэлт дүг­нэлт хийж, одоо­гийн бодлого, үйл ажиллагаагаа Ө.Энхтүв­шин­гийн хэлсэнчлэн үнэхээрийн зөв зүйтэй чиг­лэ­лээр шинэчилж чад­вал МАН төдийгүй монголын ард түмэн хожно. Эс чадваас дахин то­моор алдана. Тэгвэл босч өн­дийхөд нэгэнт хожимдсон байх бо­лов уу гэж эмээж байна. Нийг­мийн тавцнаас бүрмөсөн арчиг­даж ч мэднэ. Шүүмжийнхээ эцэст бас нэгэн зүйлийг онцолж тэмдэг­лэе. МАН-ын дарга Ө.Энхтүвшин сон­гуулиар хүлээсэн үүрэгт аж­лаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө гаргасан юм байна. Ха­риуцлага хүлээхэд ч бэлэн гэдгээ хэл­жээ. Дараагийн хүнээ дарга шиг дарга болгож дэмжиж ту­салж, эрх үүргийг нь тодорхой бол­гох шаардлагатай шүү гэдгийг мөн сануулжээ. Удирдах зөвлөл нь түүний са­налыг хүлээж авсангүй. НБХ-даа оруулж хэлэлцүүлсэн байна.

Мэдээж уг асуудлыг 2013 оны аравдугаар сарын 27-нд товлосон XXVII их хурлаараа шийдвэрлэж таарна. МАН-ын Удирдах Зөвлөл болоод Намын бага хурлын энэ удаагийн үйл ажиллагаанаас харахад харьцан­гуй эрүүл саруул бодлого да­вамгайлсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Хуур­маг ч байж мэдэх юм. Их хурлын тө­лөөлөгчид монгол хүний уужуу тайвуун ухаан бодлоор асуудал бүхэнд ул суурьтай, нухацтай хандаж ухаалаг зөв гарцыг олж чадах нь ойлгомжтой юм. Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хийгээд хүн амын аж амьдралыг дээш­лүүлэх, ажил­гүйдэл ядуурлыг арилгах зэрэг олон, олон үйлсэд МАН-ын идэвх­тэй оролцоо зайлш­гүй хэрэгтэй. Түү­нийг нийг­мийн тавцнаас ар­чиж хаяж бо­лохгүй. Тэгвэл Мон­голд да­рангуйллын дэглэм дан­гаар тогтон ноёрхох болно. Тийм хү­сэл мөрөөдөл биелэх тави­лан­гүй гэж бодож байна. Учир нь Мон­гол Улсын, монголын ард түм­ний үндэсний эрх ашиг гэж нэг амин чухал зорилт иргэн бү­рийн зүрх сэтгэлд хадаастай бай­гаа.

Сэтгүүл зүй судлаач, доктор Т.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж