
Өнөөдөр монгол хүн бүрт баяр бахархлын нулимс хуруулж байсан энэ баатар хүүгийн медалийн баярын өдөр.
17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан Гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпийн өрсөлдөөний талбарт тулаан бүртээ ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр аваргын төлөөх тоглолтод Кубын тамирчинд ялагдсан юм. Гэхдээ түүний энэ амжилтыг алтын дайтай мөнгөн медаль байсныг тэр өдрүүд гэрчилнэ.
Лондонгийн олимпод Н.Төгсцогтын учраа болгон хатуу, тулаан бүр хүнд байсан. Бакугийн дэлхийн аваргын рингэнд таарахдаа ялагдаж, олимпийн эрхээс мултарч байсан Азербайжаны боксчин түүний эхний өрсөлдөгч байв. AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лиг гэгдэх хагас мэргэжлийн боксын тэмцээнд “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд хамт бэлтгэл хийж байсан Элвин Мамишзадаг Н.Төгсцогт 18-11 (4-5; 7-3; 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн юм. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6: 6-4; 7-6) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15-10 (4-5; 5-3; 6-2) харьцаатай онооны давуугаар ялалт байгуулж, медалийн тавцанд гарах эхний алхмаа хийж байв. Ингээд хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4; 5-4; 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 2011 оны дэлхийн аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд цол гуншин арвинтай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы рингэнд таарахдаа хожиж байсан юм. Харин аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд манай тамирчин Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаагаар ялагдал хүлээснээр, мөнгөн медальтай эх орондоо ирж байлаа.
Нямбаярын Төгсцогт. Тэр яах аргагүй өнгөрсөн олимпийн хамгийн гайхамшигтай тамирчин байж чадсан. Түүнд медалийн баяр хүргэж, олимпийн өдрүүдэд эргэн зочилцгооё
Видео бичлэгийг доорх линк-ээр үзнэ үү
Н.Төгсцогт мөнгөн медаль хүртлээ – www.video.news.mn
Н.Төгсцогт медалиа гардлаа- www.video.news.mn