АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан 108 тусгай зөвшөөрөл олгосон хэргээр ял сонсоод байгаа. Гэвч энэ хэргийн араас маш олон лицензний далд наймааны хэрэг илэрч магадгүй гэсэн таамаглал ч байсан. Үнэхээр ч Ашигт малтмалын газрынхныг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна. Тодруулбал, АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, тус газрын Эрх зүй, хуулийн хэлтсийн дарга С.Дашдаржаа нарыг АТГ-т шалгаж эхэлжээ. Тэднийг Д.Батхуяг нарын хууль бусаар бусдад олгосон 108 тусгай зөвшөөрлийн жагсаалтад багтсан хайгуулийн зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгон бусдад шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээллээр тэднийг өнгөрсөн долоо хоногоос албан тушаалаас нь түдгэлзүүлж, оронд нь өөр хүмүүс томилох тушаал гарчээ.
Тэднийг шалгах үндэслэл болоод байгаа тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрладаг аж. Тус суманд орших ХВ-015177 дугаартай 960.39 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг хайгуулын зориулалтаар 2009 оны аравдугаар сарын 5-нд анх “Өсөх зоос” ХХК-д олгож байж. Асуудлын гол нь энэхүү ХВ-015177 тусгай зөвшөөрлийг гурван шатны шүүхээс хүчингүй болгоод байсан ч саяхан буюу 2013 оны тавдугаар сарын 27-ны өдөр ашиглалтын зөвшөөрөл болгон өөрчилж, “Өсөх зоос” компанид өгчээ. Ингэхдээ анх хайгуул хийсэн 960.33 га талбайнхаа тодорхой хэсэгт буюу 350.13 га талбайд ашиглалтын зөвшөөрөл олгосон байх юм. Энэхүү хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгосныг “Өсөх зоос” компани эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан аж.
Энэ үед Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар Захиргааны хэргийн шүүхэд “Өсөх зоос” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч буй талаар тайлбар гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл, “Өсөх зоос” компанийн шүүхээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг сэргээхийн тулд өөрөө тайлбар гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Нэгэнт дарга нь ийм тайлбар гаргасан болохоор шүүх зөвшөөрлийг батлах захирамж гаргасан байна.
Хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын болгохын тулд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулах ёстой байдаг аж. Магадгүй үүнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байх гэсэн мэдээлэл ч бас байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж хөтлөх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалах, цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг буцааж хүлээн авах зэрэг тэргүүлэх чиглэлтэй чухал хэлтэс бол Кадастрын хэлтэс. Энэ албанд Н.Чинбаатарыг Уул уурхайн сайд Д. Ганхуяг сайд болонгуутаа томилсон. Түүнийг сайд Д.Ганхуягийн бизнесийг дэмжигч, ойрын хүн гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Сайн муу хэл аманд олонтаа өртдөг энэ хэлтсийн даргаар гадаадынхан болон Монголын томчуудын үйлчлүүлдэг япон хоолны “Секитей” сүлжээ рестораны захирал, эмч мэргэжилтэй Н.Чинбаатарыг томилсон нь тухайн үедээ олон нийтэд хардлага төрүүлж байсан. Тэрбээр Анагаах ухааны дунд сургууль, Анагаах ухааны дээд сургууль төгссөн, нэг сүлжээ ресторан ажиллуулж байгаад дээрх албан тушаалд томилогджээ.
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №024
