
УИХ-аас баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд энэ онд 805.2 тэрбум төгрөгийн зарцуулалт хийх ёстой. Тодруулж хэлбэл, 70 орчим тэрбум төгрөгийг оюутны сургалтын төлбөрт зарцуулах бол үлдсэнийг нь бэлнээр нийт иргэддээ тараана. Оюутны сургалтын төлбөрийн хүрээнд 124 мянган оюутан бичилт, тулгалтаа хийлгэж, баталгаажуулснаар 500 мянган төгрөгийг сургууль бүр рүү нь Төрийн сангаар дамжуулан олгож эхэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл байгуулах чиглэлээр иргэд нийлж, 637.5 сая төгрөгийг авсан байна. Өдөр ирэх тусам жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах чиглэлээр зээл авах хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа.
Харин бэлнээр сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгтэй холбоотойгоор арилжааны банкуудаас Засгийн газарт гомдол ихээр ирэх болсон гэнэ. Иргэдийн хувьд банкны цонхыг хагалж, хаалга үүдийг нь эвдэх, ширээ сандлыг нь хэмлэх зэргээр зүй зохисгүй авирлах болжээ. Түүнчлэн банкуудын хувьд Хүний хөгжлийн сангаас бусад үйлчилгээг үзүүлэхэд бэрхшээлтэй тулгарах болсон байна. Тиймээс Засгийн газрын зүгээс бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөгийг картанд шилжүүлэх зэргээр банкуудад тулгарч байгаа ачааллыг бууруулах арга хэмжээг авахгүй бол хүндрэл гарч мэдэхээр болсныг дуулгалаа. Ингээд УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа сайд нараас хариулт авч дууссаны дараа УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдааныг дуусгалаа.