
Хүчтэний өлгий болсон Төв аймаг энэ жил аймаг байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн босгон дээр шинэхэн улсын заантай болсон. Төв аймгийн Баянхангай сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, ИНЕГ-ын бөх улсын начин Б.Батмөнх энэхүү амжилтын эзэн болсон юм. Тэрээр 2002 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд энэ жилийн хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг, зургаагийн даваанд улсын заан Ч.Санжаадамбыг, зааны даваанд улсын харцага цолны болзол хангасан Н.Батсуурь нарыг өвдөг шороодуулсан. Мөн тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон аймгийнхаа 90 жилийн ойд түрүүлсэн билээ. Харин шинэхэн заан маань маргааш төрсөн нутагтаа улсын заан цолныхоо мялаалгыг хийхээр болжээ.
Т.ДАРХАН