Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Евро бүсийн хамгийн хар дарсан зүүд сүүлийн гурван жилд тохиож байгаа. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Өрийн хямралууд, мөнгө угаасан хэргүүд, нууц данснууд, сөрөг хүчнийхний эсэргүүцэл, жагсаал, цуглаан, ажилгүйдлийн төвшин, эдийн засгийн өсөлт. Энэ бүгд дээр нэмэгдээд хамгийн том сануулга бий. Энэ бол евро бүсээс гарах хүсэлтүүд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш тус холбоонд багтах улсууд гарах тухай яриаг мэр, сэр гаргах болсон. Ийм яриа гарсан даруйдаа нэг их газар авалгүй замхарч, олны анхаарлыг татдаггүй байлаа. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд евро бүсийн хамгийн том эдийн засаг гэгдэх улсууд гарах талаар цухуйлгаж эхэлсэн нь евро бүсийг байдалд оруулаад байгаа.

Их Британи, эхний сануулга

2010 оны эхэнд евро бүсээс гарах эхний сануулгыг европын холбооны түрийвч зузаантай улсуудын нэг Их Британи гаргав. Тухайн үедээ европын холбооны бүрэн эрхт гишүүнээс татгалзсан ч, байнгын бус гишүүн байж ажигчлагчийн үүрэг гүйцэтгэж болох тухай яриа будант албион даяар тархсан юм. Тэр үеийн байдлыг харвал Их Британи Европын холбооноос гарсан ч, эс гарсан ч чанарын ялгаа угтаа байсангүй. Учир нь европын холбооны тусламж, нөөц хөрөнгө зэргийн ихэнх хувийг нь төвлөрүүлдэг дөрвөн улсын нэг нь энэ. Тэглээ ч тэртээ тэргүй фунт хэмээх мөнгөн дэвсгэртнээсээ салаагүй энэ улсад ямар ч ялгаа байсангүй. Чухам энэ яриа өрнөж эхэлмэгц европын бусад жижиг улсуудад хүндээр тусч эхэлсэн юм. Еврогийн ханш унаж, мөнгөн тэмдэгтээ сольсон улсууд алдагдал хүлээж эхлэв. Гэсэн ч Их Британийн төрийн эрх барих хүмүүс энэ яриа дотооддоо санал төдий яригдсан болохоос бидний эцсийн шийдвэр хэмээн хав дараад өнгөрч байв. Үнэндээ сүүлийн хэдэн жилүүдэд эрх баригч намд ирдэг хамгийн том шахалт нь евро бүсээс гарч, ажиглагчийн байр суурин дээр зогсох. Гэхдээ худалдаа болоод гаалийн эргэлт зэргээ харвал евро бүсээс гарсан эхний жилүүдэд Англид хүнд цохилт өгөх нь гашуун ч гэлээ үнэн. Сөрөг хүчнийхэн энэ асуудлыг олон жил, бусад улсын бурууг үүрч, тэдний өмнөөс санхүүгийн асуудлыг шийдсэнээс хэдхэн жил алдагдалд орох нь англичуудад ашигтай гэж тэд хэлдэг билээ.

Их Британичууд европын холбооны хамгийн хатуу самруудын нэг. Өөрсдөд нь ямар нэгэн байдлаар таагүй бодлого хэрэгжээд эхэлбэл гарах гэдгээрээ түрий барьж, эсвэл еврогоор худалдаа хийхгүй хэмээн бусад улсыг лоббидоно хэмээн сүрдүүлж, нэг ёсондоо эмзэг сэдвээр нь барьцаа хийн асуудлыг шийдэж ирсэн. Чухам үүгээрээ л тэд фунт хэмээх мөнгөн тэмдэгтээ авч үлдэж чадсан билээ.

Францын нууц сануулга

2010 оны сүүлд бүх европ даяар Франц улс евро бүсээс гарах хүсэлтэй байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Анх энэ тухай мэдээлэл Германы хэвлэлүүдээр цацагдаж, тэр даруйд европын холбооны бие төлөөлөгч Парист хөл тавьж байсан удаатай. Гэтэл Франц чихэнд таатай нэгэн мэдээллийг евро бүсэд өгсөн билээ. Энэ бол ташаа мэдээлэл. Францаас өгсөн энэ хариуны дараа европын холбоо Францын үйлдэл бүрийг нарийвчлан харж, евро парламентын индэр дээр илтгэл тавиулж байсан юм.

Францын эрх баригчид ийм хариуг өгдөг ч дотооддоо мөн л зөрчилтэй асуудлын нэг байсаар ирсэн. Ихэнх Францчууд евро бүсээс гарч өөрсдөө өөрийнхөө асуудлыг бие дааж шийдвэрлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд евро бүсээс чамгүй ашиг олж, эдийн засгийн хямралаас хохирол багатай үлдсэн энэ улсад евро бүсээс тийм амархан гарчих зориг байхгүй. 2010 оны сүүлд цацагдсан энэ мэдээлэл бусад улсын явуулга байж болох талтай ч, францчуудын цаад зорилгыг харвал энэ мэдээлэлд үнэний ор байж болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. 2012 онд ч Францын TVE суваг энэ талаар бүхэл бүтэн баримтат кино хийж францчуудад хүргэсэн нь багагүй дэмжлэгийг тээн хоцорсон билээ.

Өөр бусад сануулгууд

Эдийн засгийн чадамжаараа бусад улсуудын хажууд чамлалттай байдаг улсууд энэ саналыг нэг бус удаа гаргаж байсныг мартах учиргүй. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Португаль. Эдийн засгийн чадамжаараа их дөрвөн гүрнийг гүйцэж чадахгүй ч европын холбооны хүчтэй тоглогчдын нэг. Тэгээд ч сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямралаас холдож чадаагүй энэ улсын сөрөг хүчнийхэн европын холбооноос даруй гарахыг уриалж байгаа. Шинэхэн гишүүн Хорватад ч дотооддоо яг энэ асуудлаас бол маргаан мэтгэлцээн өрнөж байгаа. Словак, Словени зэрэг улсад ч ийм яриа өрнөдөг. Гэхдээ энэ улс гүрнүүд нэг зүйлийг мартах учиргүй. Тэртээ тэргүй том зүйлээр мөрий тавьж, өөрийнхөө тэмдэгтийг хүртэл “үхүүлээд” элссэн болохоор чөтгөрийн тойргоос гарчихвал далайц нь хүнд тусна. Магадгүй томоохон хямралд ч өртөж болзошгүй. Хэрвээ еврогоос гарч, дараа нь ямар нэгэн асуудал тохиолдвол зээлээр дэмжих, олон улсын туслалцааны тухай яриад ч хэрэг байхгүй. Тийм ч учраас иймэрхүү яриа хөөрөөг европын холбооны удирдлагууд тэр бүр ойшоогоод байдаггүй. Дараа нь гарах үр дагавараа мэдэж байгаа болохоор ийм улсуудын удирдлагууд ч өөрсдийнхөө хил хязгаараас иймэрхүү яриа хөөрөөг гаргаад байдаггүй.

Сүүлийн сануулга

Хамгийн сүүлийн сануулгыг Ромулусын хүүхдүүд гаргалаа. Сүүлийн гурван жилийн туршид эдийн засгийн өсөлт гээч юмыг амтлаагүй, ажилгүйдлийн төвшин нь өсч яваа Итали улс гарах сануулгыг Евро бүсэд албан ёсоор өглөө. Италийн засгийн газрын гишүүд, тэр дундаа гадаад хэргийн сайд Эмма Бонино сануулсан. Италийн засаг захиргаанаас европын холбоонд нэгдсэнээс хойш европын холбооны худалдаа болон тээврийн зардлаас ашиг олохгүй, сүүлдээ алдагдалд орох болсонтой холбоотойгоор евро бүсээс гарснаар энэхүү алдагдлаа нөхнө гэж үзжээ. Итали улс хэдийгээр ийм хүсэлтэй байгаа ч евро бүсийн зүгээс гарах асуудлыг тийм ч амархан шийдэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Учир нь тэртээ тэргүй уналттай байгаа евро бүс хамгийн том гурван эдийн засгаа нэгээ гаргачихвал бүх л дээ ганхана гэж шинжээчид үзэж байна. “Итали улсад гурван жилийн өмнө л ийм санал санаачилга гарч байсан. Тэр үед евро бүсийн балансыг хангахын тулд энэ санаачилгыг нууж байлаа. Харин одоо бол байдал өөр. Тив, бүс нутгаа болоод алдагдал хүлээх үү, эх орноо бодох уу гэдэг улстөрчид, шинжээчдийн өмнө тулж ирээд байгаа. Хэрвээ ирэх саруудад өсөлтийн төлөв ажиглагдахгүй бол энэ шийдвэртээ хатуу зогсох болно” гэж Италийн гадаад хэргийн сайд Эмма Бонино ярьжээ. Ажиглагчид үүнийг буруу шийдвэр хэмээн харж байгаа. Учир нь тэртээ тэргүй хямралтай байгаа энэ улс Европын холбооноос гарчихвал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ажилгүйдлийн төвшин нэмэгдэнэ. Мөн дээрээс нь инфляци өснө гэж харж байгаа аж. Хэдийгээр евро бүсээс гарах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч он дуустал харах бөгөөд хэрвээ эдийн засгийн өсөлт болоод ажилгүйдлийн төвшин нь одоо байгаа хэвэндээ байх юм бол европын холбооноос гарах асуудлыг Италийн парламентаар хэлэлцүүлэх аж.

Ийнхүү чөтгөрийн тойрог хэмээн нэрлэгдээд байгаа европын холбоо дотооддоо ганхаж эхэллээ. Хэрвээ томоохон эдийн засгууд евро бүсээс гарах тухайгаа ээлж дараалан зарлаад эхэлбэл өсөлт ажиглагдаж байсан энэ бүс дахиад хямралд өртөж болзошгүй. Хэрвээ томоохон эдийн засгууд гарлаа гэхэд уналтад ороод байгаа Грек, Киприйн байдал улам ээдрээтэй болох нь дамжиггүй.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж