Танзани улсаар гурван долоо хоногийн аялал хийж явсан Английн хоёр бүсгүй нүүр рүүгээ хүчил цацуулсны улмаас ихээр түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. ВВС-д мэдээлснээр 18 настай Кристи Трап болон Кэти Жи нарыг өнгөрсөн лхагва гаригийн орой Танзанийн Занзибар арлын Стөүн хотын гудамжинд явж байхад нь үл мэдэх этгээдүүд нүүр рүү нь хүчил цацсан аж. Халдлагын улмаас бүсгүйчүүдийн нүүр, цээж, гар нь хүчилд түлэгдсэн бөгөөд тэднийг маргааш нь Англи руу яаралтай буцаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүйчүүд оройн хоолой идэхээр явж байгаад халдлагад өртжээ. Одоогоор Занзибарын цагдаа нар гэмт этгээдүүдийг хайж байгаа ба бүсгүйчүүд рүү яагаад хүчин цацсан болох нь тодорхойгүй байна. Албаныхны мэдээлснээр бүсгүйчүүд “Ай-тү-ай аялал” нэртэй жуулчлалын компаниар дамжуулан Танзаниар аялж явжээ. Танзанид гадаадын жуулчид руу хүчил цацсан халдлага гарсанд тус улсын эрх баригчид ихэд цочирдож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан хохирогч бүсгүйчүүдийн хэвтсэн Ага Хан эмнэлэгт очиж уулзсан байна.
Танзанийн төсвийн бүрдэлтийн багагүй хувийг аялал жуулчлалын салбар эзэлдэг бөгөөд зөвхөн Занзибар арал руу гэхэд жилд Их Британийн 75 мянган жуулчин аялдаг аж.
Б.АНХТУЯА