
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга, Төв Халхын дуулалт жүжгийн театрын дарга, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад оролцогчдоос хамгийн өндөр оноо авагчид нь Ардчилсан намын харьяалалтай иргэд байсан нь аймгийн ИТХ-д үнэмлэхүй олонхийн суудалтай, засаглалын бүх эрхийг барьж байгаа Монгол Ардын намын дарга нарыг хүнд байдалд оруулжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон иргэнийг тухайн албан тушаалд томилолгүй удаах, үүрэг гүйцэтгэгчээр гацаах, байгууллагад нь өргөн бүрэлдүүнтэй шалгалт илгээх, нэгээр гарсан иргэнд тэс өөр албан тушаал санал болгон доогуур оноотой хүнийг уул ажилд томилох зэргээр сонгон шалгаруулалтын ач холбогдлыг бууруулж, утга учиргүй болгож байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хэд хэдэн албан тушаалын сонгон шалгаруулалтын болзлыг тухайн тавигдах хүнд илт тохируулсан, өөр хэн ч өрсөлдөхөөргүй зохицуулдаг тухай, сүүлийн үеийн хэвлэл мэдээллээр цацагдсан “Алтайдах” арга Дундговьд түргэн хурдацтай тархаж байгаа тухай яриа ч бий. Түүгээр ч үл барам Тээвэр, авто замын газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалт зарлаж бүртгэл дууссаны дараа шалгаруулалт болохоос нэг хоногийн өмнө тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсныг улс төрийн шалтгаантай гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм байна.