Уул уурхайн салбарт “тэнгэр цэлмэнэ” гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт “тэнгэр цэлмэнэ” гэв

Монголын эдийн засагт үүсээд байгаа сэтгэл зовоосон асуудлыг тэглэж,  удахгүй уул уурхайн салбарт тэнгэр цэлмэнэ гэдгийг салбарын сайд хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багасч байгаа ч энэ нь түр зуурын үзэгдэл, түүгээр ч барахгүй Оюутолгойн үйлдвэрлэл, нүүрсний экспортоос улсын төсөвт орох мөнгөний хэмжээ сая, сая доллараар нэмэгдэх гэнэ. Монгол Улсын экспортын орлого буурсан нь урд хөршөөс шалтгаалж буй агаад ирэх саруудад нүүрсний олборлолтыг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлт ажиглагдах болно гэдгийг тэрбээр дуулгалаа.

Оюутолгой компани 2013 онд 300 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор нэг орчим тэрбум ам.долларын орлого орж ирэх тооцоог салбарын мэргэжилтнүүд гаргажээ. Монголын Улсын Засгийн газар Оюутолгойгоос зээлсэн 250 сая ам.доллар, Эрдэнэтээс авсан 350 ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой”-н 350 сая ам.доллар гээд нийтдээ 800 тэрбум төгрөгийн өглөгийг барагдуулах, нөгөө талаас 130 тэрбум төгрөгийн алдагдалд хүрээд байгаа улсын төсвийг нөхөхийн тулд толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй.

Төсвийн алдагдал өнгөрсөн онтой харьцуулахад бага гарсан гэж танилцуулсан Д.Ганхуяг сайд цаашдаа ханшийн савалгаа, экспортын орлогын бууралтаас болж төсөвт ачаалал ирэх ханадлага байгааг ч үгүйсгэсэнгүй. Уул уурхайн салбар өнөөдөр нийт эдийн засгийн 20 хувь, улсын төсвийн 40 хувь, экспортын  орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл зэс, алт, нүүрс жоншны үнэ дэлхийн зах зээлд буурсан нь Монголын эдийн засагт таагүй байдал үүсгээд удаж байна. Ард хормойгоо авч, урд хормойгоо нөхөх бодлогоор хэсэг зуур амь зуусан Монгол Улс цаашдаа энэ нь гал намжаах хэрэгсэл биш гэдгээ ойлгов бололтой, тодорхой хуулийн зохицуулалтаа эргэн харахаар шийджээ.

Хөөсөн өсөлтөд хоосон найдах хэрэггүй

Өнгөрсөн онуудын  эдийн засгийн огцом өсөлтийн нэг шалтгаан нь нүүрсний экспорт. Эдийн засагт багагүй жин дарах болсон нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өнгөрсөн жилүүдэд сайн байсан. Харин энэ жилээс гадаад зах зээлээс шалтгаалж нүүрсний экспорт огцом буурч, үнэ хямдарчихаад байгаа юм. Гэхдээ хөөсөн өсөлтөд, хоосон найдах хэрэггүйг өнгөрсөн хугацаанд Монголын төр засаг яс махаараа ойлгосон бололтой. Ямар ч байсан бодит байдалд тохирсон өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ амлав. Энэ оны долдугаар сарын байдлаар Монгол Улс найман сая тонн нүүрс экспортолж, 582 сая ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нүүрсний экспорт хоёр дахин буураад байга юм. Гэвч энэ нь сэтгэл зовоож, түгшүүр зарлах хэмжээнд хүрчихээд байгаа асуудал биш, цаашдаа нүүрсээ боловсруулж, худалдах, экспортын орлогыг нь нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах бололтой.

 Оюутолгойгоос хүлээх хүлээлт

Монголын Засгийн газар, “Рио Тинто” хоёрын дунд зэсийн баяжмалын экспорттой холбоотойгоор ярилцах, зохицуулах асуудал их байгаа билээ. Оюутолгой гэрээндээ дурдсан анхны хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн шалтгааныг Монголын Засгийн газар ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа. Энэ хоёр тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт баримтаар тогтоогдохгүй байгаа болохоор шалгалт оруулж, шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. “Рио Тинто” далд уурхайгаа ашиглалтад оруулахад нэлээд хэмжээний зардал гаргахаар болж байгаагаа Монголын Засгийн газарт уламжилсан байна. Уг нь гэрээнд зааснаар бол “Рио Тинто” далд уурхайнхаа хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааныхаа ашгаар санхүүжүүлэх ёстой юм байна. Гэтэл дэлхийн зах зээлд зэсийн ханш унаснаас болоод “Рио Тинто” зээл авах хүсэлтэй байгаагаа Монголын Засгийн газарт уламжилжээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н өрийг нүүрсээр дарна

“Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх Засгийн газраас гаргасан буруу шийдвэрээс болж Хятадын төрийн өмчит Чалко компанид тавьсан 350 сая ам.долларын өрөөс 170 саяыг нь төлөөгүй байгаа юм. Зүүн Цанхиас 4,5 сая, Баруун Цанхиас гурван сая тонн нүүрс олборлож, түүнийгээ зарж энэ ондоо багтаан өрөө төлөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Чалкогийн зээлийг төлөөд 200 сая ам.долларыг улсын төсөвт оруулахаар тооцоод байгаа юм. Монгол Улс экспортын хэмжээгээ 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх, Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх,Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарахаар болжээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж