“”Хонгор нутаг” хөдөлгөөнийхөн тэмцлээ зогсоохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

“”Хонгор нутаг” хөдөлгөөнийхөн тэмцлээ зогсоохгүй гэв

Дундговь аймгийн Говь-Угтаал суманд “Хонгор нутаг” хөдөлгөөн байгуулагдаж  газар  нутгаа өмгөөлсөн утга агуулгатай шаардлага тавьж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Дээрх байдлыг зохицуулахаар аймгаас шил даран төлөөлөгчид илгээгдсэн ч тэд тэмцлээ зогсоохгүйгээ удаа дараа мэдэгджээ. Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хоёр компани газрыг хайр найргүй тэсэлж дэлбэлж энд тэндгүй онгорхой нүх үлдээн нөхөн сэргээлт хийхгүй байна.  Үйлдвэрийн технологийн ус нь эндхийн газрын гүний усны төвшинг доошлуулж биднийг хүн малгүй ангаж цангах аюулд хүргэж байна. Зүүн тойром гэдэг газар шинээр хайгуул хийхдээ сумын төвд арай ядан хүрэлцдэг худгаас таван тоннын цистернээр өдөрт гурван удаа ус зөөж байгааг тэвчихгүй  гэж хөдөлгөөнийхөн үзэж байгаа аж.  Гэтэл уурхайн үйл ажиллагаанаас биш, харин дэлхийн дулаарал, байгаль, экологийн тэнцвэргүйжлээс усны төвшин доошилж, хаа сайгүй цөлжилт, хуурайшилт болж байгааг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж энэхүү шаардлагаа зогсоохыг зөвлөсөн байна.  Мэргэжилтнүүдийн үгэнд үнэний хувь байж болох ч  эдгээр уурхайн үйл ажиллагаа ямар ч гэсэн байгальд сөрөг нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүйг хөдөлгөөнийхөн мэдэгджээ.

 С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж