
Өнөөдрийн байдлаар 123 000 гаруй өрхийг түлшинд хэмнэлттэй утаагүй зуухаар хангаад байгаа бөгөөд энэ жилдээ багтаан нэмж 46 000 гаруй өрх айлыг утаагүй зуухаар хангахаар төлөвлөсөн байна. Мөн хязгаарлалтын бүсэд байгаа 2000 гаруй өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, усан халаалтын зуух олгосон бөгөөд нэмж 20 000 орчим өрхөд олгох юм. Мөн 20 000 мянгаас доошгүй айл, өрхийг утаа шүүгчээр хангах зорилтыг нийслэлээс хэрэгжүүлэхээр зорьж эхний ээлжинд хязгаарлалтын нэгдүгээр бүс болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 1050 өрхөд яндангийн шүүлтүүр суурилуулсан юм. Гэвч хэрэглэгч айл өрхүүдээс авсан санал асуулгаар 70 гаруй хувь нь шүүлтүүрийг цэвэрлэхэд хүндрэлтэй, арчилгаа ихтэй гэсэн шалтгаанаар хэрэглээгүй байна. Тиймээс энэхүү яндангийн шүүлтүүрийг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж нийслэлийн удирдлагууд үзжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.