“Регби фестиваль” Монголд

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

“Регби фестиваль” Монголд

“Монгол, Английн регбичид гурван өдөр өрсөлдөнө”

Монголын регбигийн холбооны арван жилийн ойд зориулсан “Регби фестиваль 2013” тэмцээн наймдугаар сарын 17, 21, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тус тэмцээнд Английн Оксфордын их сургуулийн Хертфорд коллежийн баг хүрэлцэн ирж байгаагаараа онцлог юм. “Регби фестиваль” нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа энэхүү спортыг сурталчлах, Монголын спорт сонирхогчдод таниулах зорилготой. Тэмцээний талаар Монголын Регбийн холбооны ахлах дасгалжуулагч Г.Хосбаяртай ярилцсанаа хүргэе. Г.Хосбаярын хувьд 2007 оноос хойш Хонконгийн лигт хүчин зүтгэсэн юм. Мөн хажуугаар нь шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг хийдэг билээ.

-Регбигийн спортыг Монголд хөгжүүлэхэд Ц.Цэрэнпунцаг гарьд их нөлөөлсөн гэдэг. Гарьд үнэхээр энэ холбоог байгуулсан юм уу?

-Тэгсэн. Манай холбоог анх 2003 онд Ц.Цэрэнпунцаг гарьд үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлж өгсөн. 2003 онд байгуулагдаж байсан ч хоёр жилийн дараагаас илүү идэвхитэй ажиллаж, баг тамирчид маань жигдэрсэн.

-Одоо Монголд регбигийн хэдэн клуб байдаг вэ?

-Дөрвөн клуб байна. Клубууд маань маш сайн чадваржиж байгаа. Тийм болохоор бид удахгүй анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах гэж байгаа.

-Улсын арслан Д.Ганхуяг гээд бөхчүүд анх регбигээр хичээллэх нь цөөнгүй байсан. Одоо тоглодог уу?

-Д.Ганхуяг арслан манай сайн тамирчдын нэг шүү дээ. Хурдтай, хүчтэй. 2006 онд Хонконгод болсон шилдэг 16 клубын Олон улсын тэмцээнд оролцохдоо “Шилдэг тоглогч” болсон. Хуягаа ах гэхдээ одоо бол өндөр хэмжээнд бэлтгэл хийхгүй байгаа. Сонирхлоороо бол тоглоно оо. Фестиваль дээр ирнэ гэсэн.

-“Регби Фестиваль 2013” тэмцээн арав хүрэхгүй хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд регбийн шилдэг гүрнүүдийн нэг Англи улс оролцож байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай Регбийн холбооны 10 жилийн ой тохиож байна. Регбийн холбоо жил бүр  Улаанбаатар хотноо “Регби фестиваль”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Өнгөрсөн онд Хонконгийн дээд лигийн баг ирж оролцож байсан. Тэрхүү тоглолтод манай “Улаанбаатарын Дайчид” баг 41:34-ийн харьцаатай Хонконгийн багийг буулган авсан юм. Харин энэ жилийн хувьд Английн Оксфордын Их сургуулийн Хертфорд коллежийн нилээд өндөр төвшний баг оролцохоор боллоо. Англи улс бол Регбийн спортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Регбийн 2013 оны фестиваль наймдугаар сарын 17, 21, 23-нд гурван өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар бэлдээд байна.

-Энэ жилийн регбийн тоглолтууд өнгөрсөн оныхоос юугаараа илүү онцлогтой болох вэ?

-Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Регби фестиваль 2012”-оос илүү өргөн цар хүрээг хамарч байгаа төдийгүй долоо хоног үргэлжилж, гурван цуврал тоглолт хийх юм. Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 17-нд Батлан хамгаалахын их сургуулийн баг Хертфордын коллежийн регбичидтэй тоглоно. БХИС-ийн багийн тамирчид Монголын үндэсний олимпийн хорооны бейсболын талбайд бэлтгэлээ хийж байна. Харин тэмцээний хоёр дахь цуврал нь наймдугаар сарын 21-нд болох юм. Энэ өдөр хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадмын төрөлд багтсан “Регби 7” төрлөөр Монголын регбигийн холбооны харъяа дөрвөн клуб, английн Хертфорд коллежийн “Регби 7” төрлөөр тоглох баг хоёр хуваагдан оролцон аваргаа тодруулах юм. Ингэхээр зургаан баг хоорондоо тойргоор тоглоно гэсэн үг юм. “Регби 7” төрөл нь талбайд долоон хүний бүрэлдэхүүнтэй баг, нэг үедээ долоон минутын хугацаатай тоглодог байгаа.  2016 оны Рио де Жанейрогийн олимпоос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа спорт юм. Тэгэхээр энэхүү төрлийг монголдоо хөгжүүлэх нь манай холбооны нэг зорилго болох юм. 

Мөн энэхүү фестивалийн хамгийн оргил тоглолт наймдугаар сарын 23-нд “Улаанбаатарын Дайчид” регбигийн баг, Хертфордын коллежийн багуудын хооронд болно. Хертфордын коллежийн баг нь регбигийн спортын өлгий нутаг болох Английн их сургуулийн томоохон баг юм. Харин “Ulaanbaatar Warriors” буюу “Улаанбаатарын Дайчид” нь Монголын дөрвөн регбийн тамирчдаас багаа бүрдүүлдэг. Өнгөрсөн онд зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Хонконгийн “Вандалс” багийг буулган авсан байгаа.

-Тэмцээний цагийн хуваарь ямар байх вэ?

-Наймдугаар сарын 17-ны тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Харин наймдугаар сарын 21-ны тоглолт өдрийн 12:00 цагаас, 23-нд болох гол тоглолт оройн 19:00 цагаас болно. 2013 оны энэхүү регбийн фестивалийг ETV орон даяар шууд дамжуулна. Тоглолт маань орой болох учир талбайн гэрэлтүүлэг их тод байх хэрэгтэй. Бид энэ шаардлагыг хангаж, барууны жишгээр талбайн гэрэлтүүлэг, спорт фестивалийн орчин тойрон ямар байх ёстой вэ, тэр хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Залуус маань тэмцээн үзэж, сонирхолтой спортын төрөлтэй танилцах гэхчлэн өдрийг маш сайхан өнгөрүүлэх болно. Хамтлаг, дуучдын шоу тоглолт, регбигийн жерси худалдаа, хөгжилтэй тоглоом гээд олон хөтөлбөр, маш сонирхолтой орчин бүрдүүлнэ. Шар айрагны худалдаа ч гарна.

-Тэмцээний тасалбар ямар үнэтэй байх вэ?

-Тэмцээний тасалбар 3000 төгрөгийн үнэтэй. Энэхүү тасалбар нь наймдугаар сарын 17, 21, 23-ны өдрүүдэд бүгдэд хүчинтэй.

-Та 2007 оноос хойш Хонконгийн мэргэжлийн регбийн лигт тоглосон. Хонконгийн лигт тоглох болсон, легионер тоглогч байсан үеийнхээ талаар ярьж өгөөч.

-2007 оноос монголын регбичид гадагшаа гарч тоглож эхэлсэн. Миний хувьд ч мөн 2007 оноос хойш түрүүн ярьсан Ж.Вүүд ахын саналын дагуу Баярхонгор аймгийн арслан Д.Энхбат бид хоёр тэндхийн “Ковлун” гэдэг багт тоглож эхэлсэн юм. 2008 онд завсарлаад 2009 оноос хойш дээд лигийн “Панда” гэдэг багт тоглож байна. Харин энэ жилээс эхлэн холбоондоо ажиллахаар нэрээ татсан байгаа. Харин Д.Баярманлай, н.Наранбаатар гээд хоёр залуу Хонконгийн “Панда” баг руу явахаар болсон. Тамирчид есдүгээр сарын 10-ны үеэр явахаар бэлдээд байна.
 
-Арван жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монголын Регбийн холбооны талаар манай уншигчдад танилцуулаач?

-Манай регбийн холбоог 2003 онд гарьд Ц.Цэрэнпунцаг Хонгконгийн дээд лигийн тоглогч Жэймс Вүүд гэдэг залуу хамтарч байгуулсан. Түүнээс хойш Г.Дашдэндэв, Г.Хосбаяр миний бие тоглогч, багш дасгалжуулагч хүртлээ холбоондоо зүтгэж байна. Монголын Регбийн холбоог “DDish” телевиз, “ЖЕМ интернэйшнл” компани маш их дэмждэгт талархаж явдаг. Манай холбооны ерөнхийлөгчөөр Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болдбаатар, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Гавьяат багш Г.Пүрэв-Очир ажиллаж байна. Есдүгээр сарын 15-наас эхлэн дөрвөн клубынхээ дунд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн нь гол ажлуудын нэг байна даа.

Монголын Регбийн холбоо анх 2005 онд Хонг Конг болон Филлипин улсад болсон тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, Монгол Улсын Арслан До.Ганхуяг Хонг Конгийн тэмцээнд шилдэг тамирчнаар шалгарч байсан бол 2006 онд мөн тус тэмцээний 3-р байранд Монголын баг тамирчид шалгарч байсан. Өнгөрсөн хугацаанд манай баг тамирчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаануудад оролцож ирснээс гадна МРХ нь гадны баг тамирчдыг эх орондоо урьж тэмцээн уралдаануудыг амжиллтай зохион байгуулж ирсэн юм. 2009, 2010, 2011 онуудад Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээн мөн 2010 оны Азийн Спортын 16 дугаар наадамд Регбигийн Олимпийн төрөлд багтсан долоон хүний төрлөөр анх удаа оролцсон. 2011 онд Азийн долоон хүний регбигийн БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон тэмцээнд оролцож, ирээдүйн тамирчдынхаа туршлагыг арвижуулах, их амжилт гаргах үндэс суурийг нь бататгах зорилгоор ажиллаж байна.
 

Б.БИЛЭГ
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж