
Олон улсад террорист үйл ажиллагаа явуулдаг “Аль-Каида” бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны хүрээнд Йемений армийн гурван нисгэгчгүй онгоц өмнөд хэсгийн Хадрамаут мужид хоёр удаа агаарын дайралт хийж, 14 дайчныг хөнөөжээ. Үүний хоёр нисгэгчгүй онгоц нь Хадрамаут мужийн Мариб хотод дайралт хийж, 10 зэвсэгт дайчинг хөнөөсөн бол өөр нэг нь Вади аль-Жаддад агаарын дайралт хийснээр дөрвөн дайчныг хөнөөсөн аж. ВВС-д мэдээлснээр Йемений армийн энэ мэт агаарын дайралтад өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш лалын зэвсэгт бүлэглэлийн 30 зэвсэгт дайчин амь үрэгдээд байгаа гэнэ.
“Аль-Каида” зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Ойрхи-Дорнод, Африкт олон тооны террорист үйл ажиллагаа явуулах тухай мэдэгдэж, Барууны орнуудын Элчин сайдын яамдыг хаалгаа барихад хүргэсэн. Мөн үүнтэй холбоотойгоор “Аль-Каида” бүлэглэлийн гол түшиц газруудын нэг болсон Йемен улсын зүгээс террорист халдлагаас сэргийлэх цэрэг, армийн үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа аж.
Б.АНХТУЯА