“Залуу ээж” блогийн эзэн:
-Гэртээ байгаа юм шиг сайхан тохилог, хоол унд сайтай, цөөн хүүхэдтэй хувийн цэцэрлэгт л хүүхдээ өгөх юмсан гэж боддог. Улсын цэцэрлэг нэг ангид дөчөөд хүүхэдтэй байдаг болохоор хоёрхон багш хүүхэд бүрийг анхаарч чаддаггүй. Тэгээд нэг нь л ханиад хүрчихвэл бүгд тусчих жишээтэй. Түрүүчийн долоо хоногт хэд хэдэн цэцэрлэгээр орж, бас байрны ээжүүдээс мэдээлэл цуглуулж баахан судалгаа хийлээ. Чанар дагаж үнэ гэдэг шиг өндөр төлбөртэй нь орчин нөхцөл сайтай байдаг юм байна. Арай хямд төлбөртэй нь цаанаа л нэг тиймэрхүү. Анги танхим нь харанхуй, ширээ сандал нь зориулалтын биш, хэдэн хужаа тоглоом өрчихсөн харагдсан. Эхний цэцэрлэгт оронгуут нил хлорамин үнэртээд байсан. Цэцэрлэг сонгохдоо гол нь багш нь ямар хүн байгааг сайн судлаарай гэж туршлагатай ээж зөвлөсөн. Дунд эргэм насны туршлагатай, өөрөө хүүхэдтэй, мэргэжлийн багштай бол сайн. Хэтэрхий залуу багш асрагчтай бол бас дэмий. Урд нь нэг цэцэрлэгт хүүхдээ өгсөн чинь багш нь гээд жоохон охин байнга мессеж бичээд суухын дээр заримдаа цэцэрлэгээс нь тамхи үнэртээд байсан гэнэ. Зарим хүүхэд бүр “П” үсгээр эхэлсэн хараалын үг сураад ирэх, тоглоомнуудаа өрж суулгаад загнаад байдаг гэхчилэн багшийн буруу үлгэр дуурайл их байдаг юм байна. Энэ бүхнийг нь харж байгаад аятайхан хувийн цэцэрлэгт хүүхдээ өгнө дөө.
Иргэн Н.Ганаа:
-Би хүүгээ хоёр нас гарантад нь “Том жаал” гэдэг цэцэрлэгт өгсөн. Өдөр, өдрийн хоолноосоо дээж аван шилэн хөргөгчинд хийгээд үүдэндээ тавьж, хоолны чанар болон порцыг эцэг эхүүдэд танилцуулчихдаг юм. Мөн хүүхдийн хооллох, амрах, хичээллэх хуваарийг бичиж тавьдаг. Үүнд нь сэтгэл хангалуун байдаг. Зарим хувийн цэцэрлэг анги бүртээ камертай болсон байна лээ. Хүүхэд аав ээжээсээ салахгүй уйлаад байдаг ч ангидаа ороод найзуудтайгаа уулзаад уйлахаа больдог ч ээж нар өдөржин санаа зовж, байн байн багш руу ярихад хүрдэг. Тэгвэл камертай цэцэрлэгт хүүхдээ уйлахаа болихыг нь харчихаад тайван амгалан ажлаа хийх боломжтой. Тэгээд ч элдэв асуудал гарлаа гэхэд камер шүүгээд л үзчихнэ шүү дээ. Хувийн цэцэрлэгийн том ангийн хүүхдүүд нь сургалтад хамрагддаг ч хэлд сайн ороогүй жаахнуудыг сургах талдаа муу санагдсан. Зөвхөн сайн хооллоод л, хараад л байж байдаг юм билээ.Гэтэл улсын цэцэрлэгт явдаг манай хүүтэй нас чацуу хүүхэд харандаа бариад сурчихсан, дүрс зураад байсан. Түүнчлэн улсын цэцэрлэгийн хүүхдүүд сууж сурсан байдаг. Энэ мэтчилэн улсын болон хувийн цэцэрлэгийн аль алинд нь сайн муу тал бий. Хаана өгөх нь эцэг эхчүүдийн сонголт л мэдэх байх даа.
Иргэн Ц.Хишигболд:
-Нялх балчир хүүхдийн зан харьцаа багшийн харьцаа хандлагаас их шалтгаалдаг болохоор багшийг нь л сайн судлах хэрэгтэй. Би хүүхдээ хүнлэг энэрэнгүй, ууч уужим сэтгэлтэй, цэвэрч нямбай, элдэв гаж зуршилгүй хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Бас аймхай хулчгар ноомой болгомооргүй байна. Бусдаар хүмүүсийн зориод байгаа англи хэлний өндөр мэдлэг, тооны хичээлдээ гоц байх, урлаг спортын авьяас гэх мэт зүйлс бол асуудал биш. Орчин үеийн хүүхдүүд угаасаа юмыг амархан сурдаг болсон. Гол нь хүн шиг хүн болоосой гэж хүсч байна.
Иргэн Э.Одноо:
-Миний бодлоор улсын цэцэрлэг илүү дээр санагддаг. Хувийн сайн гэсэн цэцэрлэгт хүүхдээ өгч байсан л даа, ёстой таалагдаагүй. Улсын цэцэрлэгийн багш нарт эцэг эхчүүд нь юм өг ч заншсан гар хараад байгаа юм шиг санагддаг тал бий. Бид өглөөд хүүхдээ орилуулан хүргэж өгөөд, орой хоцрон хүүхдээ авдаг шүү дээ. Гэтэл багш нар өдөржин тэдэнтэй өнжин, хүүхдийг маань өсгөөд сургаад, хооллож аргадаадл цэцэрлэгийн багшийн ажил бол их хэцүү санагддаг. Тийм болохоор би л лав багш нарт баярлаж явдаг. Өөрсдөө харж чадахгүйгээс хөөрхий багш нарт хааяа нэмэр болж байхад буруу ч биш.
Ямар хэдэн саяар нь өг гээд байгаа биш сэтгэлээсээ багш нарыг баярлуулвал зүгээр л санагддаг. Би л лав хэлний цэцэрлэгээс алийг нь ч сонгохгүй яагаад гэхээр монгол хүн монгол хэлээрээ зөв ярьж сураагүй байж гадны хэлтэй холилдоод хүүхэд бүр эвдэрнэ. Угаасаа томроод гадаад хэл сурахаас л хойш эхлээд монгол хэл, заншлаа сайн мэдэж тальтралгүй ярьж, монголоороо зөв сэтгэдэг болсон хойно нь гадаад хэлний сургалтад явуулна гэж боддог.