1.“Хорвоо тэр чигтээ чиний эсрэг зогсож байгаа мэт санагдах үед онгоц салхины эсрэг хөөрөн нисдэгийг сана” гэж Детройт хотын захын дүүрэгт амьдарч байсан ирланд гэр бүлээс гаралтай Генри Форд хэлэх дуртай байв. Гарамгай аж үйлдвэрч Фордын эцэг эх нь уламжлалдаа үнэнч хүмүүс байжээ. Тэд хөдөө аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд хүүгээ ч мөн л хөдөө аж ахуйн хүн болно гэж боддог байж. Харин хүүгийн сэтгэл хөдөөд тогтоогүй учир 16 настайдаа гэрээсээ оргон Детройтод ажиллахаар явжээ. “Автомобиль бол тансаглал биш, тээврийн хэрэгсэл” гэсэн зарчмыг биелүүлэхийн тулд машин бүтээх мөрөөдөл залуу хүү Фордын сэтгэлд хадаатай байлаа.
“Би машин зохион бүтээнэ. Түүнийг шилдэг мэргэжилтнүүд, шилдэг материалаар, ойлгомжтой зургийн дагуу хийнэ. Мөнгө олдог хүн бүр бурхны буянаар гэр орныхноо баярлуулан түүнийг худалдан авч чадахаар тийм хямд үнэтэй байна” гэж Форд мөрөөднө.
Фордын зохион бүтээсэн эхний бүтээл нь амжилтгүй болов. 1893 оны “Фордмобиль” хүмүүсийн гайхлыг төрүүлэхээс хэтэрсэнгүй. Гэлээ ч зохион бүтээгч бууж өгөлгүй загвараа сайжруулснаас гадна бензинээр ажилладаг хөдөлгүүр бүтээхээр ажиллаж эхэлжээ. Тэр үед машинуудыг зөвхөн уурын хөдөлгүүрээр л тоноглодог байж. Эцсийн дүнд Форд 1895 он гэхэд Детройтоор бензин хөдөлгүүрт “тэргээр” давхиж явлаа. “…цагдаагийнхантай дандаа л асуудал үүснэ. Яагаад гэдгийг одоо хэлэхэд хүндрэлтэй, тэр цагт хурдыг хязгаарласан ямар нэгэн хууль журам байгаагүй. Ямар ч тохиолдолд би хотын мэрээс зөвшөөрөл авах ёстой байв. Эхэн үедээ жолоочийн үнэмлэхтэй Америкийн цорын ганц хүн би байлаа” хэмээн Форд “Миний амьдрал, миний ололт” номондоо өгүүлжээ.
2.“Мэргэжилтнүүд хэтэрхий ухаантай, туршлагатайн “гай”-гаар юуг яагаад хийж болохгүй вэ гэдгийг нарийн мэднэ. Тэд хамгийн түрүүн сааад тотгорыг л харж байдаг. Хэрэв би өрсөлдөгч нараа устгах гэвэл тоо томшгүй мэргэжилтнүүдийг тэдэн рүү илгээх байсан” хэмээн Генри Форд хэлж байв. Энэ үг мэдээж дургүйцлээ илэрхийлсэн хэлбэр биз. Хийх бүтээх үйлсэд нь тустай байсан бол тэр дадлага туршлагатай мэргэжилтний санааг тоохгүй орхихгүй нь лавтай.
Тэрээр үйлдвэртээ дамжлагын угсралтыг анх туршсан гавьяатай. Дамжлагаар ажиллах болсноор машин үйлдвэрлэлийг хэд дахин хурдасгаж, үнэ өртгийг нь хямдруулжээ. Үнэ, чанар хоёрын гайхалтай харьцааны буянаар домогт “Ford T” загварын машин шууд л зах зээлийн 50 хувийг эзэлж байлаа..
Фордын жишээгээр Америкт ХХ зууны эхээр үүссэн урсгал үйлдвэрлэлийн зохион байгуулалт нь “Фордизм” гэсэн нэрийг авчээ.
3.“Ажлын хөлс, түүнийг алдах вий гэсэн болгоомжлол л хүмүүсийг ажиллуулдаг” гэж Форд үздэг бөгөөд түүнийгээ практик дээр идэвхтэй хэрэгжүүлжээ. Тэрээр хамгийн чухал стратегийн шийдлээ 1914 онд гаргажээ. Фордын үйлдвэрүүд ажилчдад өдөрт таван доллар төлөх болсноос гадна ажлын цагийг нь найм, ажлын өдрийг нь зургаа болгосон байв. Амралтын өдрийг анх бодож олсон хүн Форд байлаа. Тухайн цагтаа хөдөлмөрийн хамгийн зохистой нөхцөлийг тэр амлаж байв. Үүгээрээ тэрээр боловсон хүчний асуудлыг нэг мөр шийдсэн юм. “Ford Motor Company” компанид ажилд орох гэсэн хүмүүс дугаарлан зогсч, ажилтай болсон нэгэн нь ажлын байрныхаа төлөө бүхий л хүчээрээ зүтгэх болжээ.
Гэхдээ энэ диваажингийн гэхээр хөдөлмөрийн нөхцлийг санал болгохдоо хатуу чанга дэглэм зарчмыг дагалдуулсан байна. Хэрэв ажил дээр нь хүмүүс хөдөлмөрийн хөлсөөрөө архидах, мөнгөө эхнэрээсээ нуух зэрэг үйлдэл гаргавал ажлаасаа халах шаардлага тавьдаг байжээ. Фордод дургүй хүмүүс түүний үйлдвэрт ажилчдыг тагнах, нууц цагдаагийн алба ажиллуулж байсан гэдэг.
4.“Реклам надад ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй, гэхдээ би нэг долларын ашиг оллоо гэхэд л түүнийгээ рекламд зориулна” Ийм энгийн бөгөөд үйл дүнтэй зарчмыг Генри Форд барьж байжээ. Гэсэн ч реклам бүр нь санхүүжилт шаардаагүй. Нэгэн удаа автын магнат “Форд V-8” машины эзнээс талархлын захидал авсан байв. Тийм захидлууд бөөнөөр ирдэг болохоор үл тоон хаячихаж болох л байв. Гэтэл тэрээр Клайд Барроу гэсэн захидал илгээгчийн нэрийг анзаарчээ. Найз бүсгүй Бонни Паркерийн хамт өмнөд мужийн цагдаа нарыг хоёр жилийн турш амар тайван байлгаагүй алдарт хулгайч Клайд түүнд захидал илгээсэн байв. Тэрээр машиныг нь магтснаас гадна цаашид зөвхөн фордыг л хулгайлах болно гэж амлажээ. Энэ захидлыг концерний эзэн нийтэд зориулан нийтлүүлсэн гайхамшигтай реклам болжээ.“Форд” машиныг, тэр дундаа хаалганд нь хуяг хийсэн “Элсэн цөл” загварыг нь тэр гангстер байнга хулгайлж байлаа. Тэр домогт хосуудыг буудан хөнөөсний дараа суманд сийчүүлсэн бараан өнгийн “Форд” машины зураг Америк даяар тархсан юм.
5.“Хөдөлмөрлөх нь хурдан төгсгөх гэсэн тулалдаан юм гэж төсөөлдөг хүмүүсийн хувьд амьдрал зогслоо гэсэн үг. бодсон тэр хүн бол үнэн хэрэгтээ доош өнхөрч хэрэг” энэ үг бол Генри Фордын амьдралын гол зарчмын нэг юм.
Насан өндөр болсон үедээ ч Генри Форд эрүүл чийрэг нэгэн байв. Тэрбээр “Илүүдэл жингээ хасч ир” гэж ажлаас халж мэднэ. Фордын хүү Эдсел бүх насаараа л залгамжлагч байсан ч “ван” болж чадаагүй. Учир нь Форд зүрхний шигдээсийн эхний үеийн дараа эрүүл мэнд нь ганхсан ч захирах эрхээ залууст өгөх бодолгүй байлаа. Харин хоёр дахь удаагийн шигдээс нь түүнд хүчтэй цохилт өгч Фордыг нарийн сэтгэх чадваргүй болгосон. Тэгээд л тэр компанийн удирдлагаа өөрийн ач II Генри Фордад шилжүүлэв. Тэр үед хүү нь хорт хавдраар мөнх бусыг үзүүлсэн байжээ.
Сэтгэх чадвар нь муудсан ч түүний бие чийрэг хэвээр бас дээр нь цагаан хоолтон болж амжсан байжээ. 1947 оны дөрөвдүгээр сарын 7-нд Форд жолоочдоо Ривер-Ружийн үйлдвэрт аваачихыг тушаав. Дараа нь тэр гэр бүлийнхээ оршуулгын газраар орлоо. Тэр шөнөдөө Генри Форд таалал төгсчээ. Түүнийг оршуулж байхад үйлдвэрүүд ажлаа зогсоосон юм.