
Аргентины Санта-Фе мужийн Росарио хотын Салта гудамжинд орших нэгэн орон сууцны барилгын урд өчигдөр 10:00 цагийн үед хий дэлбэрснээс 12 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн өөр 12 хүн ор сураггүй болоод байгаа гэнэ. Аргентины албаныхны мэдээлснээр 10 давхар орон сууцны барилгын урд хэсэгт хоёр инженер хийн хоолой засч байх үеэр дэлбэрэлт болсон аж. Хүчтэй дэлбэрэлт ойр орчмынхоо 50 гаруй байшин барилгыг гэмтээсэн ба аврах багийнхан ор сураггүй болсон хүмүүсийг эрж хайхын зэрэгцээ гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Харин цагдаа нар ослын газрын ойр орчмын байшин барилга, сургуулийг хааж, хамгаалалтын бүс үүсгэсэн байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Аргентины Засгийн газраас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс хоёр өдрийн гашуудал зарласан аж.
Б.АНХТУЯА