Ноён “ногоон”-ыг гангарч байх зуур дотоодын үйлдвэрлэлээ бага ч болов урагшлуулж, айл өрхийн зардлыг өчүүхэн төдий ч болов хэмнэх гарц нээгдэж байж мэдэх нь. Бөөний болон жижиглэн худалдаагаар таатай орон байлаа гээд бид юү хожив. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой үй түмэн нэр төрлийн хүнс болон өргөн хэрэглээний барааг гадаадаас импортлон оруулж, өдий төдий хөрөнгө мөнгийг экспортлогчдод илгээлээ. Ганцхан Эрээнд ч хөрөнгө оруулаад зогсохгүй, хөгшин Европын олон орноос элдэв хүнсний нэмэлт орсон, баяжуулсан хүнсийг хэрэглэсээр ирлээ. Хүн амын тооноосоо хоёр дахин олон малтай хэр нь Автралиас мах импортлон оруулж ирж буйг хэрхэн харж болох вэ. Гадаадаас импортлосон тугалын махаар тансагладаг хэрэглэгчид нь хэн байх нь ойлгомжтой. Тэдний сонголт, төлбөрийн чадвар нь бусдаасаа хэт тасарчээ. Тансаг зэрэглэлийн хэрэглэгч болоод импортлогчдын хувьд тугалын махыг дотооддоо Австралиас дутахааргүй боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан бол өгөөж нь эх орондоо үлдэх байлаа. Түүнчлэн өнөөдөр автомашингүй айл өрх бараг л үгүй болжээ. 470,570 унаснаараа уралдан, солонгос машиныг бол “лааз” хэмээн нэрлэх болсноос харахад монголчууд яалт ч үгүй тансаг хэрэглээтэй хүмүүс. Эксел, Элантраг бол машин ч гэж харахгүй болтлоо бидний хэрэглээ өссөн. Энэ хэрээр дотоодод орсон хөрөнгө мөнгөө гадагш гарсаар байгаа төдийгүй нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо буурч, төлбөрийн чадваргүй, төрийн хөнгөлөлттэй хэсэгт л үйлчлэх унаа болон хувирлаа. Энэ мэтчилэн тансаг хэрэглээгээ танаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих сэжмийг ам.долларын ханшийн өсөлт олгож байж ч мэдэх нь.
Тансаг хэрэглээнээс татгалзах шалтгаан
Сүүлийн хагас жилд Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурснаас монгол төгрөгийн ханш унаж, толгойтой бүхэн үүнд санаа зовж эхэлжээ. Бүүр УИХ-ын ээлжит бусаар хуралдуулах тухай ч хөндөөд амжлаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын талаар улс орнуудыг эрэмбэлдэг “Global Retail Development Index” –ийн шинэ жагсаалт саяхан гарч, жижиглэн худалдааны чиглэлээр хөрөнгө оруулахад хамгийн таатай “Топ-30” орныг зарлав. Тэрхүү жагсаалтад манай улс долдугаар байранд эрэмблэгдсэн бол хөрш ОХУ 23-т орсон байх юм. Жижиглэн болон бөөний худалдаагаар манай улс таатай орон байна гэдэг бол монголчуудын хэрэглээ тансаг хэвээрээ байгааг илэрхийлсэн үзүүүлэлт гэж болно. Бразил, Чили, Уругвайгаар тэргүүлсэн эл жагсаалтад манайхан дээгүүрт орж, импортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд таатай орныг нэгээр дэлхий нийтэд зарлагдав. 2013 он гарснаас хойш л гэхэп Францын “Carrefour” компанийн анхны хайпермаркет Улаанбаатарт нээгдсэн бол KFC сүлжээний дөрвөн төв үүд хаалгаа дэлгээд амжжээ. Мөн дэлхийд нэртэй фирмүүд тухайлбал Louis Vuitton, Zegna, Hugo Boss, Mont Blanc, Burberry, Apple салон болон бусад нэртэй брэндийнхэн албан ёсны дистрибютерээ ажиллуулсан хэвээр байна. Манай хүнсний том сүлжээнүүд болох Номин, Оргил, Сансар, Боса, Скай их дэлгүүр зэрэг импортын бараагаар давамгайлсан компаниуд амжилттай ажилласаар байгаа. Энэ бүхнээс харахад импортын бараа бүтээгдэхүүн монголчуудын хэрэглээг бүрэн эзэгнэжээ. Уг нь нэг үеийг бодвол монголчууд үйлдвэрлэл эрхэлж эхлээд байгаа. Айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон талх боовноос эхлээд ариун цэврийн хэрэглэлийг бол манайхан өлхөөн үйлдвэрлэж байна. Хүнсний үйлдвэрлэл болоод саван шампунь, ариун цэврийн хэрэглэл гэхчилэн өдөр тутмын хэрэглээг бол дотоодоосоо нөхөөд байх бүрэн боломж бий. Эдгээрийг зөвхөн айл өрх төдийгүй зочид буудал, зоогийн газартаа хэрэглээд заншчихвал үйлдвэрлэгч нарт хичнээн дэмтэй байх билээ. Гэтэл яагаад заавал дотоодын үйлдвэрлэлээс хэд дахин өндөр үнэ ханштай импортын барааг илүүд үздэг вэ гэсэн асуулт гарах нь мэдээж. Импортлогчдын хувьд мэдээж оруулж ирснээ л борлуулахыг хүснэ. Энэхүү хүсэлд нь чөдөр тушаа болдог ганц зүйл нь ам.долларын үнэ ханш. Тиймээс ч төгрөгийн ханш унах сургаар хамгаас ихээр бухимдаж буй хүмүүс бол импортлогчид. Ам.долларын ханш өсөх тусам хүмүүс аль хямд үнэтэйг сонгож эхлэх нь ойлгомжтой. Хэрэглээгээ хянаж, шаардлагатай бус зардлаа танах ухаан захын гэрийн эзэгтэйд бий. Эзэгтэй бүрийн хэмнэлт эргээд улс орны үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлөх юм биш үү гэсэн өөдрөг бодол төрөх боллоо. Бид заавал Бразил, Чилийнхэнтэй адилхан амьдрах ёстой гэж үү.
Д.ЦЭЭПИЛ