Ханшийн интервенци хийхийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Ханшийн интервенци хийхийг эсэргүүцэж байна

Ам.долларын ханшийн чангарал, төгрөгийн ханшийн сулрал буюу одоо манай зах зээлд үүсээд буй нөхцөл нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх таатай боломж юм. Бид хэдий болтол Эрээний эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бэ. 20 жил өнгөрчээ…. Одоо хангалттай. Яг энэ цаг мөчөөс эхлэн улсаа, бодит сектороо л хөгжүүлье. Төгрөгийн ханшийн сулрал эдийн засагт ямар давуу тал авчирдаг талаар зарим эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Чухам манай орны эдийн засаг дунд болон урт хугацаандаа хаачих гээд байгааг, хаана хүрэх ёстойг цөөн үгээр тэд ийн хэллээ.

Жам ёсны үзэгдэл

Ж.Үнэнбат /”Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал

-Гаднын хөрөнгө оруулалт буурснаар валютын ханш өссөн. Валютын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой учраас захад жам ёсны тэнцвэржүүлэх үйл явц өрнөж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өөрийгөө зохицуулах механизм нь ажиллаж байна гэсэн үг. Тиймээс эдийн засагт хэцүүдээд байгаа зүйл хараахан алга. Жам ёсны үзэгдэл. Эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар валютын ханш тогтож байна. Үүнээс гадна дэлхийн зах зээлд манай гол түүхий эд болсон нүүрс, зэсийн баяжмалын үнэ унаж байгаа нь ханшид нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй. Үнэ буурсан тул төсөөлж байсан орлогоо алдаж байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх нь зөв алхам. Гэхдээ түүхий эдийн үнэ сайнгүй байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтын урсгал огцом нэмэгдэхгүй болов уу. Тиймээс манай эдийн засаг нэг хэсэгтээ мөчлөг дагана. Бидний хувьд жижиг, нээлттэй эдийн засаг гэдгээ хэзээд ойлгож байх ёстой. Одоогийн үүсээд буй нөхцөл байдал гадаад валютаар орлого олж буй хүмүүст ашигтай, зарцуулалт хийж байгаа хүмүүст ашиггүй. Товчхондоо асуудал зах зээлийнхээ зарчмаар зохицуулах нь оновчтой. Үүнд төрийн оролцоо төдийлэн нэмэр болохгүй.

Төгрөгийн ханш сулрах нь муу мэдээ биш

Б.Алтанцэцэг /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, дэд профессор/

-Төгрөгийн ханш сулрах нь муу мэдээ биш. Ханш суларсан нь гадаад худалдаанд төдийлэн сөрөг үзүүлэхгүй. Хэрэглэгчийн үүднээс хандвал бидний хэрэглээний талын зардал өснө. Нөгөө талдаа манай гадагш худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар болоод экспортын орлогод мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарна. Дунд болон урт хугацаандаа дотоодын үйлдвэрлэл хөгжих, зах зээл нь тэлэх боломжийг төгрөг суларснаар олгож байгаа юм. Бусад орны бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирна гэсэн үг. Түүнчлэн энэ уналт нь экспортын орлого болон дотоодын үйлдвэрлэлд сайн нөлөөтэй. Харин импортын хувьд тааруу үзэгдэл гэдгийг хэлье. Гэхдээ дээрх үзэгдэл удаан хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Зах зээл өөрийгөө тэнцвэржүүлж байдаг. Тухайлбал, төгрөгийн ханш суларснаар экспортын орлого нэмэгдэхийн сацуу түүнийг дагаад ам.долларын нийлүүлэлт ч өсч байдаг.

Боловсруулах үйлдвэрийн салбарт таатай нөхцөл бүрдэж байна

Г.Рагчаасүрэн /ИБУУИНВУ-ын Велфаст хотын Хатан хааны их сургуулийн багш, профессор/

-Төгрөгийн ханш сулрах нь Голланд өвчний эсрэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, Голланд өвчинд автсан эдийн засгийн шинж тэмдгийг сөрсөн үйл хөдлөл илэрч байдаг. Эдийн засагт гаднаас Голланд өвчний нөлөөгөөр их хэмжээний валютын урсгал нэвчсэн тохиолдолд төгрөгийн ханш чангарах гээд байдаг. Төгрөгийн ханш чангарах үзэгдэл нь бусад экспортын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг. Эсвэл импортыг орлож байсан бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурахад хүргэдэг. Ингэснээр манайх их хэмжээний импорт авдаг болж, эсрэгээр нь маш бага хэмжээний экспорт хийдэг болно гэсэн үг. Энэ тохиолдолд аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хувьд хүндрэх тал бий. Одоо бол тус салбарт төгрөгийн ханш суларснаар эерэг нөхцөл бүрдэж байна. Тиймээс төгрөгийн ханш сулрах нь экспортод чиглэсэн болон импортыг орлох салбарт сайн мэдээ. Боломж нэмэгдэж байгаа хэрэг. Энэ байдал нь боловсруулах үйлдвэрийн салбарт таатай нөхцөл бүрдүүлж байна. Мөн аялал жуулчлалын салбарт ч эерэг хандлага дагуулна.Тухайн жуулчин ханш өндөр байгаа нөхцөлд ам.доллараа төгрөгт шилжүүлэхээр их төгрөгтэй болно гэсэн үг. Энэ тохиолдолд жуулчны хувьд Монголын аялал жуулчлал илүү хямдхан санагдах нь мэдээж. Тиймээс аялал жуулчлалын салбар сэргэхэд нааштай нөлөө үзүүлнэ.

Экспортын орлого бага зэрэг нэмэгдэх тал бий

Л.Бямбаа /Эдийн засагч/

-Валютын ханшийн өсөлтөд гаднын хөрөнгө оруулалт болон экспортын бүтээгдэхүүний үнэ нөлөөлсөн. Түүнээс Монголбанкнаас бэлэн мөнгө нийлүүлсэн нь ханш савлах суурь шалтгаан биш. Нөлөөлөл нь харьцангуй бага гэж хэлж болно. Угаас эдийн засагт ам.долларын хомсдол үүссэн байсан. Түүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд төгрөгийн эсрэг ам.доллар чангарсан. Мөн Чингис бондын хөрөнгийг төгрөг хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа нь дээрх хомсдолд хөшүүрэг болсныг үгүйсгэх аргагүй юм. Төгрөгийн ханш суларч байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох ч экспортын бараа бүтээгдэхүүнд таатай үзэгдэл мөн. Хэдий төгрөг суларч байгаа ч манайхаас гарч буй бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэг байдлаар нөлөө үзүүлнэ. Тухайлбал, экспортын орлого бага зэрэг нэмэгдэх тал бий. Нөгөө талаас ам.долларын ханш өсч байгаа шалтгаан нь Монголд хүлээлт сөрөг байгаатай холбоотой. Эдийн засаг болоод санхүүгийн салбарт үүссэн гэнэтийн шокууд ханшийн өсөлтөд дам байдлаар нөлөөлсөн. Тиймээс үүсээд буй хүлээлтийг эерэг болгоход төр засгаас авч буй бодлогын арга хэмжээ ихээхэн чухал. Хүмүүст эдийн засаг дахь эргэлзээтэй байдал нь илүү сөрөг хүлээлтийг үүсгэж байдаг.

Урт хугацаандаа үйлдвэрлэл сэргэнэ

Ч.Наранчимэг /СЭЗДС-ийн Хэрэглээний математик, Статистикийн тэнхимийн эрхлэгч/

-Манай улс руу чиглэсэн гаднын хөрөнгө оруулалт саарсан, түүнчлэн гадаад зах зээлд экспортын орлогыг бүрдүүлэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ унасан нь дотоодын эдийн засагт валютын ханшаар илэрч байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлогыг төрөөс хэрэгжүүлэх учиртай. Боломжгүй зүйлд ч боломж гэж бий. Төгрөгийн ханш суларсан нь дотоодын үйлдвэрлэлд нэг талаасаа урт хугацаандаа сэргэх боломжийг олгож байгаа юм. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчид мэдэрч ажиллах хэрэгтэй. Бидний нэг сул тал бий. Энэ нь импортын бараанд хэт найдсан хандлага. Үүнийгээ алгуур өөрчилж, дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй. Хандлага нь зөв байвал ирээдүйд эдийн засгаа дэмжих томоохон хөрөнгө оруулалт болно. Уул уурхайг дан ганц шүтэхгүйгээр дотоодынхоо импортын хэрэгцээний тодорхой хувийг хангахуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зүй ёсны шаардлага. Үүнийг цаг үе, зах зээл ч шаардаж байгаа. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэн тэргүүний анхаарал хандуулах асуудал. Эдийн засгаа дархлаатай болгохын тулд дунд болон урт хугацаандаа үйлдвэржилтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь оновчтой. Үүнээс гадна гаднын хөрөнгө оруулалтаар дамжин нэвтэрч буй ам.доллар эрсдэл хүлээсэн тохиолдолд эрсдэл даах чадвартай байх ёстой. Төгрөгийн ханш суларсан нөхцөл байдлыг эдийн засагтаа эерэг боломж болгон ашиглах нь зүйтэй. Түүнээс ханш уналаа гээд зүгээр хараад сууж болохгүй. Бидэнд хэмнэлтийн сэтгэлгээ их чухал. Дотоодынхоо хэрэглээг дэмжих замаар үндэсний үйлдвэрлэлээ өөд татах цаг болсон. Энэ тохиолдолд эдийн засаг сэргэх магадлал өндөр. Дээр хэлсэнчлэн төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарсан нөхцөлд үндэсний үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгчид нөхцөлд байдалдаа зөв дүн шинжилгээ хийгээд, борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ шалтгаангүйгээр үнийг нэмэх сэтгэлгээний гажуудлаас гарах ёстой.

Төгрөгийн ханш суларсан нь нэг зоосны хоёр тал

А.Жаргалсайхан /Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал/

-Төгрөгийн ханш суларсан нь импортын барааны өртгийг нэмдэг бол экспортыг урамшуулдаг талтай. Төгрөгийн ханш суларсан нь нэг зоосны хоёр тал юм. Ханш суларч байгаа тохиолдолд манайхаас гарч буй бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Экспорт хийж буй газарт мэдээж ашигтай. Импортын хувьд төгрөгийн ханш унаад байвал алдагдал хүлээх талтай. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш сулрахад гаднын хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүнийн үнийн уналт, төрийн хариуцлагагүй байдал, дэлхийн болон Хятадын эдийн засаг нөлөөлсөн. Үүнээс үүдэн эдийн засагт ам.долларын хомсдол үүссэн нь ханшийн савлагаанд хүргэсэн. Төгрөгийн нийлүүлэлт нь хэвийн байгаад байдаг. Гэтэл валютын нийлүүлэлт татарсан тул ханш өссөн. Дээрх байдлаас дүгнэж хэлэхэд манай эдийн засаг тэнцвэрээ олоогүй байна. Ганцхан уул уурхайгаас хамааралтай байгаа нь эргээд эдийн засагт эрсдэл үүрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, өрөөсгөл бүтэцтэй гэсэн үг. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх учиртай. Өөрсдөө үйлдвэрлэж, бүтээж, дотоодынхоо багагүй хэрэгцээг хангаж байж сая бид ханшийн хамаарлаас бүрэн сална. Өнөөдрийн төгрөгийн ханш суларч байгаа нь нэг талаасаа эерэг зүйл юм. Бүтээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэхийн тулд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Цаашилбал, импортын хэрэглээгээ багасгах нь оновчтой. Энэ бол нэг жилийн дотор хийх ажил биш л дээ. Дунд болон урт хугацаандаа Монгол Улс импортын хараат байдлаас ангижрах бодлогын дөнгөж эхлэл юм.

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж