Ургацын болц энэ сарын цаг агаараас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Ургацын болц энэ сарын цаг агаараас шалтгаална

Манай улс энэ жил 400 гаруй мянган га-д тариалалт хийсэн бөгөөд буудайн болц наймдугаар сарын цаг агаарын байдлаас шалтгаалахаар болоод байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ сарын хоёрдугаар арван хоногийн дунд цаг агаар харьцангуй тогтворжих шинжтэй байгаа боловч гуравдугаар 10 хоногт хөрс хасах хэм рүү шилжих прогноз ажиглагдаад байгаа гэнэ. Тиймээс ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч буй гэдгээ онцолсон юм. Мөн ҮХААЯ-аас байгалийн давтагдашгүй хүчин зүйл болох хяруунаас тариаланг хамгаалах чиглэлийг орон нутагт өгсөн байна.
 
Энэ жилийн хувьд үр тариа агуулах савны асуудал хэр байгаа талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах гэзрын мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Энэ жилийн хувьд үр тариа нөөцлөх агуулах савны хувьд хүрэлцээтэй байгаа. ТЭДС-гийн /тариалан эрхлэлтийг дэмжих сан/ 140 тонны элеватор ургац хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Мөн 36 тонны элеватор бүрэн дуусч гурван хоногийн дараа хүлээлгэж өгнө. Гурилын үйлдвэрүүдэд 290 орчим мянган элеватор байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэгдүгээрт ТЭДС-ийн агуулах бүрэн чөлөөлөгдсөн. Тиймээс бид энэ жилд 300-аас доошгүй мянган тонн буудай авч хадгалах боломжтойгоор бэлтгэлээ хангаад байна.
 

ТАРИАЛАНЧДАД 217 ҮНЭГҮЙ ЛАНГУУ ГАРГАЖ ӨГНӨ

 
Мөн энэ жил Ерөнхий сайдын захирамжийн дагуу Нийслэлийн зургаан дүүрэгт 217 лангуу ямар нэгэн түрээсийн төлбөргүйгээр тариаланчдад гаргаж өгөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 117 лангуу бэлэн болсон байгаа бөгөөд Скай их дэлгүүр, Урт цагааны урд талбай гэсэн хоёр байршилд шинэ ургацын ногоог худалдаалж эхэлжээ. Тариаланчдын хувьд оршин суугаа Засаг даргын тамгын газарт хандаж ногооныхоо гарал үүслийг тодорхойлоод түрээсгүй лангуунд хүнсний ногоогоо борлуулж болох юм байна. Шинэ ургацын ногооны үнэ ханш томоохон зах, худалдааны төвүүдэд өндөр үнэтэй борлуулагдаж байгаа. Энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Оюунсувдаас тодруулахад “Яамны зүгээс ногооны үнэ ханшийг хянах тогтоох боломжгүй. Ногоочдын хувьд тээврийн зардал өөрсдийн ашгийг 10-20 хувь нэмж зарж байгаа. Хамгийн гол нь хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэхийн тулд лангууны түрээсээс чөлөөлж аль болох ченжээр дамжуулахгүй байх бодлого баримталж байна. Шинэ ургацын ногоо ихээр гаргаагүй байгаа учраас зах зээлийнхээ эрэлттэй уялдаж харьцангүй өндөр үнэ ханштай байгаа. Намар ургац хураалт жигдрэхээр үнэ ханшийн хувьд буурна” гэв. Энэхүү шинэ ногооны үзэгслэн аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх юм байна.
 

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж