Ирэх жилээс хотын ногоон байгууламж сайжирна

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Ирэх жилээс хотын ногоон байгууламж сайжирна

Д.Энхсайхан: Ирэх жилээс хотын ногоон байгууламж өнгө төрхөө өөрчлөн үнэхээр өөр болно

Нийслэл хотод өрнөж байгаа хот тохижилтын асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.ЭНХСАЙХАН-аас тодрууллаа.

-Улаанбаатар хотын ногоон байгууламжийн энэ жилийн ажлын үр дүнгийн талаар дурдвал?

-Энэ жил нийслэлийн ногоон байгууламжид тодорхой, эрс өөрчлөлт гарлаа. Мэдээж, дэлхийн хотуудын жишигт хүрч чадаагүй ч тодорхой ажил хийсэн гэж ойлгож байгаа. Хасах 7 хэмд тэсвэртэй Бутения гэдэг 300 гаруй мянган цэцэг тарьсан. Хотын гудамжинд өнгө нэмж, цэцэрлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийн стресс тайлагдаж, тоосжилт, агаарын бохирдол багасах нийгмийн ач холбогдол ихтэй. Манайд өмнө нь ногоон байгууламжийн талаар тодорхой бодлого байсангүй. Энэ жил бид эхлэлийг нь тавьлаа, ирэх жилээс дэлхийн жишигт хүргэх зорилттой ажиллана.

-Цэцгэн байгууламжийг төв хэсгээс гадна хаагуур байгуулав?

-Манай газар Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, 1-р хороолол, Тасганы овоо гэсэн 4 байршлын цэцгэн байгууламжийг хийж гүйцэтгэсэн. Бусад газруудын цэцэрлэгжүүлэлийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаар гэрээгээр хийлгэсэн. Эхний жил болохоор алдаа оноо юм юм л байна. Зарим гүйцэтгэгчийн хувьд ажлаа сайн хийж байна, зарим нь тааруу байна. Бид цаашид алдаа онооноосоо сургамж авч, муу ажилласан байгууллагуудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.

-Ногоон байгууламжийг хамгаалж,  арчлах талаар?

-Урьд нь мод, цэцэг тарьчихаад харж хамгаалдаггүй байсан. Энэ жилээс бид тарьж ургуулах ажилд нийт ажлынхаа 20-30 хувийг, хамгаалж, арчлахад 70-80 хувийг нь зарцуулж байна. Манай услагааны машин өдөр, орой, шөнө байнгын услагаа хийж байгаа. Ирэх жилээс ургамалан хашлагыг их хэмжээгээр тарихаар төлөвлөж байна. Төмөр хайсан хашааны оронд ургамалан хашлага буюу хайлаас, шар хуайсыг  шигүү тарьж, хайчлан хэлбэржүүлээд хашлага болгоно. Ингэснээр хотын өнгө үзэмж болоод аюулгүй байдалд ч эерэг нөлөө үзүүлнэ.Энэ жилийн ажил бол зөвхөн эхлэл. Ирэх жилээс хотын ногоон байгууламж өнгө төрхөө өөрчлөн үнэхээр өөр болно гэдгийг батлан хэлэх байна.

Та бүхний ажилд иргэдийн сэтгэл хангалуун байна. Энэ их ажлыг үүрч байгаа боловсон хүчний хувьд?

4-р сард 200 цэцэрлэгчийг сургалтанд хамруулан бэлтгэж авсан. Энэ хүмүүсээ дахин сургаж, гадагш явуулж, туршлага судлуулах төлөвлөгөөтэй байна. Цэцэрлэгчид, ногоон байгууламжийн албаныхан маань үнэхээр сайн ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид 6-р сарын эхнээс 1 наст цэцэг суулгаж эхэлсэн бөгөөд 10 сарын сүүл хүргэнэ гэж тооцоолж байна. Бас зүлгээ сайн услаад байвал 11 сар хүртэл ногооноороо байх боломжтой.

-Ногоон байгууламж нэмэгдээд сайхан л байна. Гэтэл "Сайны хажуугаар саар" гэж шарилж ихээр ургаж, харшлын үе эхэллээ. Шарилж, хог ургамалыг түүж, таслах  талаар?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна, дотно талбайн шарилжийг ирэх бямба гарагт цэвэрлэх гэж байна. Энэ ажилд төрийн болон хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагууд сайн дураараа оролцоно. Хог ургамлын харшил яг өдийд эхэлдэг ч юм биш л дээ. Харшил үе шаттайгаар явагддаг, тиймээс хог ургамалыг эрт түүх тусмаа сайн үр дүнтэй. Энэ асуудлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгаж, 4-р сараас  түүж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

-Байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна орчноо тохижуулах талаар?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэж заасан байгаа. Үүний дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд гадна талбайгаа тохижуулж, арчлах үүрэгтэй. Энэ талаар бид аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл явуулж байгаа. Захирамжийг биелэлтийг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай бид хатуу тэмцэн, хариуцлага тооцож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж