
Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Сурагчид ямар дүрэмт хувцас өмсөх, хэдэн төгрөгөөр худалдаж авах нь тодорхойгүй байна. Засгийн газар “Чингис” бондын хөрөнгөөр хийлгэх гэж байгаа сурагчийн дүрэмт хувцсыг яавал хямд төсөр байлгах, хэнээр оёулах, ямар даавуугаар хийх гээд толгойгоо гашилгаад удаж байна. “Бөөсөнд хутга” гэгчээр сургуулийн хүүхдийн дүрэмт хувцсанд бондын мөнгөөр санхүүжилт хийж сүр бадруулах нь тэнэг хэрэг санагдаад байх юм. Жилийн жилд боловсролын салбарт сурагчдын дүрэмт хувцас “толгойны өвчин” байсаар ирсэн. Хичээлийн шинэ жил эхлээд нэг, хоёр сар болсны дараа дүрэмт хувцас нэртэй чанаргүй хослолуудыг хүүхдүүдэд шахаж, хөлждөг хэсэг бүлэг хүмүүс ч гараад ирчихсэн. Нэгэнт хичээл эхэлчихсэн болохоор авахгүй гээд яах юм бэ, эд гэсэн маягаар ханддаг. Хятадын муу материалаар, муухай хувцас хийчихээд хэнэг ч үгүй мөнгө нэхнэ. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ багшид тал алдахгүй, хүүхдээ адлуулахгүй гэсэндээ сайхан муухай гэж голохгүй худалдаж аваад хүүхэддээ өмсүүлнэ. Ахлах ангийн охид хувцасныхаа загвар хийц, материалыг голно. Энэ жил монгол материалаар монголчууд өөрсдөө сурагчийн дүрэмт хувцас оёно гэнэ. Сургууль цуглахад 20 гаруйхан хоног дутуу байна. 100 гаруй мянган хүүхдийн дүрэмт хувцсыг энэ хугацаанд оёж амжих уу. Ингээд бодоход сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцсаар жигдэлж ерөөсөө чадах ч үгүй юм байна. Хэн юу дуртайгаа өмсцгөө гээд хэлчихвэл амар юм биш үү. Баян хоосны ялгааг нуухын тулд дүрэмт хувцастай байх ёстой гэдэг ч баян нь ч, хоосон нь ч хүүхдүүдээ мөр бүтэн явуулж дөнгөх байлгүй дээ. Дэмий юманд хөрөнгө мөнгө үрж байхаар тэр нь ч дээр. Тэртэй тэргүй сургуулийн хүүхдүүд чанаргүй, муухай дүрэмт хувцсыг хичээлийн жилийн хагаст л “барчихдаг” юм чинь.
Б.ОЮУНГЭРЭЛЭх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
