Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Цөөнхийн төлөөлөл

Шинэчлэгчдийн сэтгэл ханасан бололтой. МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний гишүүдийн нэг Д.Амарбаясгалан саяхан твиттер хуудсандаа “Манай нам хувиа хичээж, амиа бодогчдоос салах цаг нь болжээ!” хэмээн бичсэн байсан. Харин өчигдөр тэрбээр хөдөлгөөний бусад гишүүдийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Шинэчилье” хөдөлгөөн зорьж байсан ажлаа бодитой болгосон тухай ярьсан юм. Намын дүрмийн дагуу Бага хурлаа хуралдуулахын тулд гишүүдийнхээ гуравны нэгийнх нь гарын үсгийг цуглуулах шаардлагатай болсон шинэчлэгч залуус энэ ажлаа хийж чадаагүй. Тиймдээ ч “Бага хурал товлосон өдрөө хуралдахгүй байх” хэмээж байсан шинэчлэгчдийн хувьд өнөөдөр Их хурлынхаа товыг зарлачихсан, тэр үеэр хүмүүстэй хариуцлага тооцох нь тодорхой болчихоод байгаа нь амжилт юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд Д.Амарбаясгалан үе, үехэн олонхи болсон АН-ынхандаа дургүйцдэг. “НИТХ-аар орж хэлэлцүүлээгүй. Эзгүй үед тэргүүлэгч 11 нөхөр шийдвэр гаргаж байна” хэмээн цахим хуудсанд гомдоллож байсан нь саяхан. Мөн хотын мэйрийг “Халаа сэлгээнээс өөр ажил хийхгүй байна… Э.Бат-Үүл дарга хэтэрхий их улстөржиж байна” гэх зэргээр шүүмжилж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлсээр яваа юм. Гэвч НИТХ-д бол аргагүй л цөөнх болоод байна. Харин нам дотроо бол цөөнхийн төлөөлөлд тооцогдож байсан түүний хувьд энэ удаад намын удирдлагадаа нөлөөлж чадлаа. Хүсч байсан шийдвэрээ гаргууллаа. МАН-ын шинэчлэлийг даллалаа.
 

Т.ЭЛИСА

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж