Нөөцөлсөн “ногоон”-оо хурдан зараарай

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Нөөцөлсөн “ногоон”-оо хурдан зараарай

Ам.долларын ханш буурлаа, нөөцөлсөн “ногоон”-оо хурдан зараарай

Ээ бурхан минь, энэ Америк ах нарын ам.доллар яасан хүчтэй эд вэ. Импортын барааны хараат, эдийн засгийн амин сүнс нь ганц уул уурхай болсон Монгол Улсыг минь ам.доллар гээч яасан их дарамтлана вэ. Өчигдөр өдрийн 12:00 цагийн үед арилжааны банкууд тухайлбал, Хаан банкин дээр очиход ам.долларын төгрөгтэй харьцах авах ханш 1540,  зарах нь 1587 төгрөгт хүрчээ. Наймдугаар сарын 1-нд 1515 төгрөг байсан бол түүнээс хойш долоо хоногийн дотор 72 төгрөгөөр ийнхүү нэмэгджээ. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны захад ханшийн хөөс 1589-1593 төгрөгийн хооронд цаг минут тутамд хэлбэлзэж байв.

Гэхдээ бас нэг сайхан мэдээг төрийн гурван өндөрлөг дуулгах нь тэр. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг нарыг өчигдөр дуудан уул­заж, сүүлийн үед савлагаанд ороод буй эдийн зас­гийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Улмаар санхүү, хөрөнгө оруулал­тын таа­гүй байдлыг арилгахын тулд төрийн холбогдох байгуул­лагууд дор бүрнээ эрчимтэй ажиллах нь зүйтэй гэж тэд санал нэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс “Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж болно” гэв. Түүнчлэн  Монголбанкны хувьд ч гэсэн тэр нэлээд хүчтэй хөдөлж эхлэх гэнэ. Учир нь олон нийт “Ам.дол­ларын ханш өсөөд байхад төв банк яагаад зүгээр суугаад байна вэ” гэж бухим­даж байгаа. Тэдний ингэж ундуу­цаж, уурлах нь ч зөв. Гэвч манай улсын валютын зах зээлд аливаа мөнгөн тэмдэгтийн үнэ, ханш нь уян хатан тогтох учиртай. Тэр ч үүднээс төв банк ам.доллар 1525 төгрөгт хүрэхэд илүү хөдөлгөөн хийгээгүй. Тэгэхээр тун

АМ.ДОЛЛАР ХУРИМТЛУУЛЖ БАЙГААД ШАТЧИХАВ АА

Монголбанкинд уржигдар гадаад валютын дуудлага худал­даагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлэхэд 100 хувь биелүүлсныг бид мэдээлж байсан. Үүнд 20 сая ам.доллар, 155 сая юанийг банкууд авсан байгаа. Төв банкныхан цаашид үүгээр ч зогсохгүй валютын захад илүү оролцож, ам.долларын хөөсрөлийг намжаах зэвсэг бэл­дэж эхэлжээ. Тэгэхээр ам.долла­рын хуримтлал үүсгэсэн зарим нэг нь шаталтад ч орж магадгүй. Учир нь Монголбанкнаас валютын захад ам.долларын их хэмжээний нийлүүлэлт хийхэд төгрөг­тэй харьцах ханш нь мэдээж хэрэг суларч таараа. Харин өмнө нь ам.доллар их хэмжээгээр худалдаж аван нөөцөлж буй валютын худалдаалагчдад таагүй бай­дал үүсч болох юм. “Найман шар­га” валютын захад “ноён ногоон”-ы ханш ингэж чангарахаас өм­нө ченжүүд ихэнхдээ “Ам.дол­лар зарна шүү, авах уу” гэж хоргоогоод явуулдаггүй бай­сан бол өнгөр­сөн долоодугаар сарын сүүлээс хойш “Доллар байна уу” гэж дууга­рахаас өөр үггүй болжээ. Мэдээж хэрэг тэдний ингэж хоргоох нь дээр дурьдсанчлан валютын хуримтлалыг өөрсөддөө үүс­гэж нийлүүлэлтийг багасгаж буй хэрэг. Ингэхээр зэрэг ам.долла­рын хомсдолтой байгаа улсад бүр ч хүндхэн болно биздээ.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “АМЬД” УУ

Ам.доллар манай улсад яагаад хомсдов, бас яагаад үе үе төгрөг­тэй харьцах ханш нь өсч бид­нийг сандаргаж байдаг юм бэ. Түүнчлэн “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн төгрөгөөр төлбөр тоо­цоо хийх тухай хууль”-ийн хэрэг­жилт, хяналтыг ямар байгуул­лага хариуцах ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөөтэйгүүр бэлэн валютын арилжаа хийдэг “Найман шарга” зах, мөн банк бус санхүүгийн байгууллагуудад ямар зохьцуулалт хийдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Гэхдээ дээрх хуу­лийн хэрэгжилтэд хяналт тавьдаг газар нь Санхүүгийн зохьцуулах хороо. Үнэндээ саяын дурьдсан зах, байгууллагуудад холбогдох хууль, журам нь хэрхэн хэрэгжиж буйг тус хороо иймэрхүү үед л харуулах хэрэгтэй байх. Тодорхой жишээ хэлэхэд арилжааны банкуудын ам.доллар зарах, авах ханш, мөн “Найман шарга”, бусад банк бус санхүүгийн байгууллагуудын валютын ханшийн өөрчлөлт ганцхан өдрийн доторх өсөлтөд өнөөдөр хэн ч, ямар ч байгууллага хариуцлага тооцож, хяналт тавьсангүй. Гэхдээ үүнээс төв банк арилжааны банкууддаа зохьцуулалт хийж, зах зээл дэх валютын эрэлт нийлүүлэлтийг нь зохьцуулах ёстойг учир мэдэх нь хэлэх аж. Үгүй яахав дээ Монголбанк нь ажлаа арай гайгүй хийж байгаа гэлтэй.

Нөгөөтэйгүүр ам.долларын төг­рөгтэй харьцах ханш өсч бай­гаа нь Засгийн газар, УИХ-тай шууд холбогдоно. Яагаад гэвэл экспорт 56 хувиар, гадаа­дын хөрөнгө оруулалт 46 хувиар тус тус буурсан үзүүлэлтийг судалгааны байгууллагуудаас онц­лов. Үүнд банкуудын наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар гадаад гүйлгээний тоон мэдээнээс харахад нүүрсний экспорт 55 хувиар, зэс 41 хувиар мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт 18 хувиар буурсан байна. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт нийтдээ 46 буурчихлаа гэсэн үг.

Хамгийн гол нь дотоодын зах зээл дэх ам.долларын ний­лүүлэлтийг нэмэгдүүлж байдаг гадаадын хөрөнгө оруулалтын “судас” нь нарийсчихаар асуудал бүр ч хурцдаж байна. Тэгэхээр Засгийн газрын хүрээнд яригдаж буй “Оюутолгой”-н гэрээтэй хол­боотой үүссэн маргааныг нэн даруй шийдэх нь эрхэм сайд нарын ажил боллоо. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт болох далд уурхайн ажилд таван тэр­бум ам.долларын өртөг шаардаж байгаа гэнэ. Үүнээс энэ онд ядаж нэг тэрбум ам.долларыг нь Монголд орж ирвэл валютын дутагдлыг арилгах боломж бүр­дэх юм. Түүнчлэн Ерөнхийлөгч ээл­жит бус чуулганыг шаардла­гатай тохиолдолд хуралдуулж болно гээд хэлчихсэн юм чинь өнөөх хүлээлтэнд орсон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах хэрэгтэй байна. Тэгж байж гэмээнэ эдийн засаг сэргэнэ, инфляци нам төвшинд байна. Харамсалтай нь өнөөдөр “ядуу” хууль тогтоомжоосоо болж наанадаж гадаадын жижиг хөрөн­гө оруулалт үндсэндээ байхгүй болчихсон. Тодруулбал, 36-190 сая ам.долларын хооронд хөрөнг оруулъя гээд гадаадын нэг нөхөр ирлээ гэж бодоход зөвшөөрлийг нь заавал Засгийн газраар оруулж байж шийдье гэдэг. Магадгүй дээд байгууллагад нь хийх гэж байсан ажлынх нь зөвшөөрөл бүтэх ч юмуу үгүй ч юмуу бас л тодорхойгүй, хаврын тэнгэр шиг зүйл болчихно. Ийм хариуцлагагүй хууль, журмаасаа болж бас л хэдэн сая хөрөнгийг амнаасаа түлхчихдэг болов. Эцсийн дүндээ өмнө нь түшээд энэ бүхнээ сай­тар нягталчихсан, сайн хуулийн засаглалтай байсан бол өнөөдөр адгийн наад захын ам.долларын ханшийн дарамтанд ороод байхгүй байлаа.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж