Дэлхийн Ирээдүйн Төлөөх Зөвлөл (ДИЗ) хэмээх олон улсын TББ-аас хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа аюул сорилтын талаар өргөн олны мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх замаар улс орнуудын бодлогод нөлөөлөх зорилготой уг шагналыг 2009 оноос санаачлан олгож эхэлсэн юм байна. Аль нэг хувь хүн, зүтгэлтэнг бус хүн төрөлхтөнд тустай, ирээдүй хойчийг харсан бодлогыг шалгаруулж зарладагаараа онцлогтой тус ТББ нь 2009 онд хүнсний үлгэр жишээ бодлогыг, 2010 онд биологийн төрөл зүйлийг дэмжсэн бодлогыг, 2011 онд ойжуулах бодлогыг, 2012 онд тэнгис далай болон далайн эргийг бохирдлоос хамгаалах бодлогыг тус тус шалгаруулжээ.
Энэ оны шагналд цөмийн зэвсгийг хорогдуулан хураах, заримт өрлийн ердийн зэвсгийг хураан устгахад чиглэсэн улс орны буюу бүс нутгийн хэмжээний 25 бодлогыг нэр дэвшүүлснээс зэвсэг хураах салбарт нэрд гарсан олон улсын есөн зүтгэлтнээс бүрдсэн шүүгчдийн баг долдугаар сарын хуралдаанаараа есийг нь онцлон нэрлэсний дотор Монгол Улсын бодлого багтсаныг тус байгууллага албан ёсоор зарласан байна. Сонгогдож үлдсэн бодлого тус бүрийг цаашид нарийвчлан судлаж, холбогдох албаны хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн судлаачдаас тодруулж, хэлэлцсэний дараа чухам аль нь уг нэр хүндтэй шагнал хүртэхийг тодруулж, дүнгээ ирэх аравдугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд зарлах аж.