Засгийн газар мах зарахаа боль

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Засгийн газар мах зарахаа боль

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хэмжээнд яригдах болсноос  харахад манай эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин тийм ч сайнгүй байгаа бололтой. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч,  Шинэчлэлийн Засгийн газраас шинийг хүлээж байсан олон нийтийн урам ч хугараад эхэллээ. Макро төвшний бодлогоо ярих ёстой Засгийн газар нь өнөөдөр мах зарж, нүүрс ухаж, барилга барьж, ногоо тарихаас илүү сэтгэж, ажиллаж чадахгүй  байгаа юм.  Монголын үе үеийн Засгийн газрын нэг том алдаа энэ. Макро эдийн засгийн асуудлаа орхигдуулж, микро төвшний жижигхэн асуудлын хойноос хэтэрхий улайран хөөцөлдсөнөөс болоод эдийн засаг дахь гадаад дотоод орчин ч сайжирсангүй. Бизнесийн орчинг таатай болгоё, сайжруулья хэмээн улиг болтлоо ярьдаг атлаа бодлогын хэмжээнд асуудлаа орхигдуулж,төр жижиглэнгийн наймаа эрхлэх болсон нь мөрөөрөө ажлаа хийж яваа олон мянган хувийн хэвшлийнхэнд ч багагүй балаг,тээг болоод байгаа юм.  Уг нь ойрын 10 жил биш юм аа гэхэд ядаж таван жилийнхээ хөгжлийн стратегийг тодорхойлж, хууль эрх зүйн болон татварын тааламжтай бодлогоор хувийн хэвшлийнхнээ дэмжээд өгөхөд  л  өрсөлдөөн дундаас эдийн засаг өөрөө эрүүлжээд, сэргээд ирнэ. Засгийн газар дангаараа мах, гурил, сүүний наймаа эрхэлж барилга барьж, нүүрс ухаж мөнгө олж, үнийг барих гэж зүтгэсний шаардлагагүй. 


Нэгэн жишээ

Төр ченжийн үүрэг гүйцэтгэхийн хэрээр эдийн засагт цөөнгүй сөрөг үзэгдлүүд ажиглагддаг болсоор удаж байгаа.  Тухайлбал, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, үнийг тогтворжуулах нэрийн дор таван жилийн турш төр махны ченж хийсээр ирлээ. Тэгвэл өнгөрсөн таван жилд махны үнэ гурав дахин нэмэгджээ. 2008 онд нэг килограмм мах 2500-3000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр “Барс” захад нэг килограмм махны үнэ 11 мянган төгрөгт хүрээд байна. Засгийн газар нөөцийн мах бэлтгэх эрхийг өнгөрсөн жил “Жаст агро” компанид өгч, төрөөс 87 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон юм.  Харамсалтай нь тэрбум, тэрбумаар нь зарцуулсан нөөцийн мах нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах нь байтугай зах дээрх үнийг барьж чадсангүй. Харин ч “Жаст агро” дампуурлаа зарлаж, хаалгаа барьчихлаа. Засгийн газартай түншилж, 87 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн эрхийг ганцаараа авсан  “Жаст агро”-гийнхан  “Хүчит шонхор” зах дээрээс мах бөөндөж аваад нөөцөлчихсөн юм даг. Түүнээс нь  болж зах дээрх махны нийлүүлэлт хомсдож, үнэ нь цөөнгүй төгрөгөөр нэмэгдсэнийг махны ченжүүд илүү дутуу үггүйгээр тайлбарлаад өгөх болов уу.


Нэгэн жишээ

Монголын нүүрс Хятадын зах зээлээс шахагдаж, үнэ нь улам л унасаар байгаа харамсалтай мэдээ чих дэлссээр. Гэхдээ энэ нь зөвхөн манай Засгийн газрын ухаж, зарж байгаа нүүрстэй холбоотой муу мэдээ. Чалкотой хийсэн гэрээнээс болж,  “Эрдэнэс Тавантолгой” компани дампуурлын ирмэг дээр ирсэнийг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ам алдав.  Хятадын төрийн өмчит Чалко компаниас авсан 250 сая ам.доллараас 170 сая нь төлөгдөөгүй байгаа  гэх “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ дөнгөн данган 45 ам.доллараар зарж байна. Гэтэл хажууханд нь олборлолт явуулж буй “Энержи ресурс” нүүрсээ угаагаад 90 ам.доллараар худалдаалж байгаа юм. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” төрийн мэдэлд байгаагүй бол өдийд сая, сая ам.долларын өртэй биш орлоготой ажиллах байлаа. Гадаадаас сарын 10 мянган ам.долларын цалинтай мэргэжилтэн урьж ажиллуулаад ч “Эрдэнэс Тавантолгой”  компани “Энержи Ресурс” шиг ашигтай, орлоготой ажиллаж чадсангүй. Цаашдаа ч хувийн хэвшлийнхнээ төр өрсөлдөгчийн нүдээр хараад байвал Монголын эдийн засаг хөгжихгүй.  Үнэндээ бол Монголын  Засгийн газрын хувьд өрсөлдөгч нь манай гадаад зах зээлийг эзлэхээр төлөвлөж байгаа гуравдагч орнууд. ОХУ гэхэд л саяхан Тувагийн Элегестийн уурхайгаас олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлэх төмөр замын ажлаа эрчимжүүлж, Монголын нутгаар дамжуулах санал тавьсан,  2013 онд урд хөрш рүү  экспортлох нүүрснийхээ хэмжээг 20 сая тонныг давуулахаар төлөвлөж байгаа зэргээс харахад Монголын төртэй өрсөлдөгчид  нь яав ч үндэсний бизнесменүүд биш гэдэг  нь тодорхой.  Тэгэхээр Засгийн газар нүүрс ухаж толгойгоо гашилгаж, хувийн хэвшлийнхнээ ад үзэхийн оронд макро төвшний бодлогоор бусад улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд сэтгэж, ажиллах л хэрэгтэй болжээ.


Төр юу хийх хэрэгтэй вэ?

Дээр асуултад эдийн засагчид  ердөө ганцхан зүйлийг л захиж байна. Төр макро төвшний ажилдаа анхаарлаа хандуулж, микро эдийн засагт хэтэрхий гар дүрэх шаардлагаггүй гэж. Монголын экспортын 90 хувь буюу гурван тэрбум ам.долларыг эрдэс баялгийн салбар авчирч байгаа. Тиймээс уул уурхайн салбараа  дэмжиж түүний орлогоор дэд бүтэц, аж үйлдвэр, шинэ салбаруудаа хөгжүүлэх нь хөгжлийн цорын ганц зам. Энэ л Монголын Засгийн газрын макро төвшинд хийх бодлого байх  ёстой юм. Хувийн хэвшлийнхнээ ажил хийх боломжоор  хангаж, бодлогоор дэмжээд, шударга өрсөлдөх нөхцөлийг нь бүрдүүлээд өгөхөөр үнэ тэртээ тэргүй буурна. Дорж, Дондогт мах зарж, нүүрсээ ухахаа даатгачихаад татвараар нь томоохон төслүүдээ санхүүжүүлж,  хөгжлийн стратегиэ тодорхойлоод сууж байвал төрд илүү амар биш үү. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар мах зарж, нүүрс ухахаа л больчих хэрэгтэй.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж