Л.Отгонбаяр: Улсын рекордыг 15 удаа шинэчилсэн

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаяр: Улсын рекордыг 15 удаа шинэчилсэн

ОХУ-ын Москва хотноо хөнгөн атлетикийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ. 14 дэх удаагийн ДАШТ-нд 206 орны шилдэг тамирчид оролцох бөгөөд Монгол улсаас марафоны төрөлд Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар оролцоно. Тэмцээний эхний өдөр эмэгтэй марафон болох бөгөөд тус төрөлд оролцох ОУХМ Л.Отгонбаярыг Москваг зорихоос өмнө цөөн хором ярилцлаа. Тэрбээр өчигдөр Москва хотыг зорьсон.

-ДАШТ-нд хэд дэх удаагаа оролцох гэж байна. Анхны ДАШТ-нд хэдэн онд орж байсан бэ?

-ДАШТ-нд Монгол улсаа төлөөлж, дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. Анх 2007 онд Японы Осака хотноо болсон ДАШТ-нд оролцож байсан. 2009 онд Германы Берлин, 2011 онд Өмнөд Солонгосын Тэгү хотноо болсон ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцсон. Тэгүд болсон ДАШТ-нд  2:45:58 амжилтаар 39-р байр эзэлсэн.

-Марафоны зайд таны үзүүлсэн амжилт. Монгол улсын рекордыг хэдэн удаа шинэчлэн тогтоогоод байна?

-42 км 195 м-т 2 цаг 39 минут гэсэн амжилтыг тогтоогоод байгаа. 1500 м, 5000 м, 10000 м, хагас марафон, бүтэн марафон болон 100 км-т нийтдээ улсын рекордыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байна. 

-Анхны медалиа хэдэн онд авч байв. Хөнгөн атлетикийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? 

-1996 оноос тасралтгүй буюу 17 жил хичээллэж байна. Анхны медиалаа 1996 оны өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ-ээс авч байсан. Тэр цагаас хойш улсын рекордыг шинэчлээд зогсохгүй, олимп, ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож байна.

-Энэ жилийн УАШТ-нд та ямар амжилт үзүүлсэн бэ?

-Энэ жилийн УАШТ төлөвлөсөн хугацаанд болоогүй учраас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд их ойр боллоо. 5000 м, 10 000 м болон багийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртлээ. 5000 м, 10 000 м бол хурдны бэлтгэл шаарддаг. Мэдээж одоо марафоны бэлтгэлдээ орсон болохоор холын тэсвэрийн бэлтгэлийг түлхүү хийж байна. УАШТ-ний төрөлд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Гол зорилго маань 42 км 195 м болохоор энэ зайндаа л бэлтгэлээ хийлээ.  

-Мэдээж олон жил Монгол улсаа төлөөлөн олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Баярлах хүмүүс олон байгаа байх.

-Чухал гол тэмцээн бол ДАШТ. Олимпийн наадамд эх орноо төлөөлөн хоёр удаа оролцлоо. Энэ дашрамд Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Ажнай” корпораци, “Таван Толгой Транс” ХХК болон Өмнөговь аймгийн Номгон сумын удирдлагууд, "Хүч" спорт хороо, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн олимп, ДАШТ-нд оролцох бүрд дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Зорьсон зорилгоо сайтар биелүүлээд ирнэ гэж хэлмээр байна.

Олимпийн наадамд хоёр удаа, ДАШТ-нд гурван удаа эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Л.Отгонбаяр дөрөв дэх ДАШТ-нд оролцохоор Москва хотыг зориод байна. Тэсвэр тэвчээр, хат зоригийн илэрхийлэл болж, хөнгөн атлетик, тэр тусмаа марафон гүйлтийн төрлөөр дэлхийн тавцанд Монголын нэрийг өргөж яваа түүний хувьд улсаа төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй уралдах гэж байна. Тэрбээр холын зай болон хагас, бүтэн марафонд Монгол улсын рекордыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байгаа аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж