Оёдлынхонд хаягласан Чингис бондын мөнгө хаачив?

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Оёдлынхонд хаягласан Чингис бондын мөнгө хаачив?

Шинэчлэлийн Засгийн газрынхан гадаад зах зээлээс 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж ирж, түүгээрээ бүтээн байгуулалтын ажлууд болон үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэмээн олон сарын турш оноо өндөртэй явж ирсэн.

Эзэн хаанаар овоглосон бондын хөрөнгөөс шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар, авто замын төсөлд 570 тэрбум төгрөг, ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхэд 68.8 сая ам.доллар, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх болоод Улаанбаатар хотод орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн ажилд зориулж 200 тэрбум төгрөгийг гаргахаар шийдсэн. Үйлдвэрлэлийг дэмжих үүднээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 27.7 сая ам.доллар, Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17.7 сая ам.доллар, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.доллар, орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжихэд зориулж 14 сая ам.долларыг гаргасан хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг аль тавдугаар сард мэдээлсэн билээ.

Түүнээс хойш бүтэн улирал өнгөрчихөөд байхад үйлдвэрлэгчдийн гар дээр бондын мөнгө хүрээгүй байна. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дэмжих үүднээс Чингис бондоос хуваарилсан 13.5 сая ам.долларыг хүлээж ядсан үйлдвэрлэгч нар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн хоёр хүнд сурталтнуудын үүдийг сахисаар өнөөг санхүүжилтээ авч чадаагүй байгаа ажээ. Төрөөс олгох дэмжлэгийг хүртэх гэсэн биш үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа нь алдагдаж, итгэл алдрахад хүрээд байгаагаа илэрхийллээ. Оёмол бүтээгдэхүүний чиглэлээр Чингис бондын хөрөнгөөс дэмжлэг олгохоор төсөл нь шалгарсан компаниудын төлөөлөл өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай уулзаж, бондоос олгох мөнгөө яаравчлахыг шаардав. Уулзалтад “Exclusive”, “Заря”, “Стэпэ”, “Эрхэт цэцэг” зэрэг компанийн төлөөлөл болон туслан гүйцэтгэгчээр ажиллахаар дээрх компаниудтай гэрээ хийсэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм.  Үнэндээ тавдугаар сард анх төслийг нь шалгаруулж байх үед бондын мөнгийг олгосон бол үйлдвэрүүд өнөөдөр хэвийн ажиллаад зогсохгүй, бондын мөнгөний 13.5 сая ам.долларын гурван сарын хүүг Засгийн газар бус үйлдвэрлэгч нар төлөх байлаа. Гэтэл нэгэнт атлагдсан төслийн мөнгө чухам ямар шалтгаанаар хаана гацаад байгааг ч үйлдвэрлэгчдэд тодорхой тайлбарлахгүй байгааг хэрхэн ойлгох вэ гэсэн асуултыг үйлдвэрлэгчдийн төлөөлөл дайж байна.

“Танай төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр шалгаруулсан” гэх баяртай мэдээг сонссон үйлдвэрлэгч нар 10-12 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг ор тас орхисон төдийгүй  бизнесийн түншүүдтэйгээ зээлийн бус шууд худалдан авалтын гэрээ хийсэн байна. Гэтэл бондын мөнгийг анх хэлсэн 4.5 хувийн хүүгээр бус арилжааны банкаар дамжуулан найман хувийн хүүтэй олгох тухай аман яриа нэрмээс болжээ. Ямартай ч мөнгө ирэх нь гэсэн итгэлээ гээгээгүй  өнөөг хүртэл хүлээсэн үйлдвэрлэгч нар “Чингис бондын мөнгө одоо ирлээ ч дэмжлэг болохоосоо өнгөрч байх шиг байна. Учир нь биднийг анх төсөл бичиж дэмжлэг авах үед юань 204-206 төгрөг, ам.доллар 1400 төгрөг орчимд байсан. Гэтэл одоо юань 267-270 төгрөг, ам.доллар 1575-1585 төгрөгт хүрчихээд байна шүү дээ. Ханшийн эрсдлийг тооцох юм бол бидний авч буй зээлийн 10 хувиас лав давчихлаа” хэмээн өгүүлж байна. Аргагүйдсэн үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, тулгамдсан асуудлаа танилцуулжээ. Ерөнхий сайдын зүгээс “Бид асуудлыг нэгэнт шийдсэн. Хөрөнгөө хуваарилсан. Төсөл хүлээн авч шийдвэрлэсэн яамд л одоо хариуцна” гэсэн хариуг өгчээ. Гэтэл яамдын зүгээс шийдтэй хариу өгөхгүй байгаагаас үйлдвэрлэгчид ҮХАА-н Төрийн нарийн бичгийн даргыг албадан уулзахад хүрчээ. Гэвч тэрбээр шийдтэй хариу өгсөнгүй. Бараг л та бүхэнд өгөх мөнгө хаана байгааг ч мэдэхгүй байна гэсэн бүрхэг хариултыг өгч байх юм. Төслүүдийг банкууд руу шилжүүлсэн гэж Х.Золжаргал дарга хэлсэн ч Голомт банкинд л гэхэд оёдлын үйлдвэрлэлийн төсөл огт очоогүй байгааг тус банкны ажилтан хэлж байх юм.

Ийнхүү Чингис бондын мөнгөний хуваарилалт хаана очоод гацчихаад байгааг гайхаад баршгүй. Уг нь гүйцэтгэх засаглалынхны амны уншлага нь үйлдвэрлэлийг дэмжих. Эдийн засгаа солонгоруулан, ганц уул уурхайгаас хараат байдлыг халж, олон тулгуурт эдийн засаг руу шилжих гэх мэт чихэнд чимэгтэй үгийг харамгүй хэлдэгсэн биш бил үү. Гэтэл үйлдвэрлэлийг дэмжих бодлогоосоо байнга ухарсан шийдвэр гаргаад байгаагийн шалтгааныг хэн хэлэх вэ. Зам засвар, хотын гудамж төсөл, цэцэрлэгжүүлэлт гэхчилэнд зориулж буй хөрөнгийн хэмжээ үйлдвэрлэлийн төслөөс хэд дахин өндөр. Тэдгээр бүтээн байгуулалтын ажил нийгэмд өгөөжтэй ч эдийн засгийн үзүүлэлтүүд муудчихаад байгаа эдийн засгийн байдалд хөшүүрэг болохоосоо илүү хүүний дарамт учруулна гэдгийг захын наймаачин ч ойлгоно. Бондын мөнгөний хүүг нь өсгөөд үйлдвэрлэл явуулъя гэсэн эх оронч гэж хэлж болохуйц сэтгэл өвөрлөн ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийн урмыг хугалах болсон шалтгааны хариуг  ҮХАА, ЭЗХЯ-наас нэхэхээс аргагүй нь.

Үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж л байгаа бол амласан ёсоороо бондын мөнгөө эртхэн хуваарилж, нэг ч бол үйлдвэрлэгчийг урагш зүтгэх хүч нэмээч, сайд нар аа.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж