Сурагчийн дүрэмт хувцас авахгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Сурагчийн дүрэмт хувцас авахгүй байхыг уриалав

Зарим эцэг эхчүүд энэ жилийн сурагчийн дүрэмт хувцсыг хэтэрхий өндөр үнэтэй байна гэж үзэн, худалдан авахгүй байхыг уриаллаа. Тэд “Эцэг эхчүүдийн түр хороо” байгуулан, хамтдаа тэмцэж, хямд үнээр чанартай бараа худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Өмнөх жилүүдэд сурагчийн дүрэмт хувцсыг 25-40 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан. Харин энэ жил сурагчийн дүрэмт хувцаст сорочкан цамц, ноосон цамц, майктайгаа нийлээд 142 орчим мянган төгрөгийн үнэтэй болж байгаа нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүндрэлтэй байгаа гэнэ.

Эцэг эхчүүдийн хувьд сурагчийн дүрэмт хувцас байх нь маш зөв хэрэг хэмээн дэмжиж байгаа ч өндөр үнэтэй дүрэмт хувцас нийлүүлэгдсэнээр баян ядуугийн ялгаа улам ихээр гарах болно гэж үзэж байна. Учир нь энэ хувцсыг өмссөн хүүхдүүд нь баян харагдаж, харин дүрэмт хувцас худалдаж аваагүй хүүхдүүд нь ядуу харагдах магадлалтай болчихоод байгааг хэлж байна.

"Иргэдийн амьдрал хүнд, цалин бага байхад энэ үнээр хүүхэддээ дүрэмт хувцас авна гэдэг боломжгүй зүйл. Тэр тусмаа ерөнхий боловсролын сургуульд сурдаг олон хүүхэдтэй айлд бүр ч хүнд тусах тул дүрэмт хувцасны үнийг буулгахыг шаардаж байна" гэв.
 
Дүрэмт хувцсанд дагалдах сорочкан цамц, ноосон майкийг өөрсдийн сонголтоор захиалах боломжтой ч үнэн хэрэгтээ хүүхдүүдэд шууд “шахаад” байдаг  гэнэ. Хэрвээ худалдаж авахгүй бол эцэг эхчүүд хүүхдээ сургууль дээрээ багш нарын дарамтанд өртөнө гээд авахаас аргагүйд хүрдэг гэнэ.

Энэхүү шинэ дүрэмт хувцас болон нэмэлт хувцасны үнийн талаар дор хүснэгтээр хүргэж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж