
“Эх орон, тусгар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс UB паласт хийж буй Их хуралдайн үйл ажиллагааг TY-9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Гэтэл Төрийн ордонд нэвтрүүлгийг хаах өвөрмөц арга хэмжээ авчээ. Ихэнх өрөөнд уг сувгийн нэвтрүүлгийн гаралтыг саармагжуулжээ. Тухайлбал, сэтгүүлчдийн өрөөнд л гэхэд Оросын “Россия” сувгийн нэвтрүүлгийн дүрсний ард TY-9-ийн дуу “төөрч” оржээ. Бусад өрөөнүүдэд ч тийм байгаа гэнэ. Харин цөөн тооны өрөөнд TY-9-ийн шууд нэвтрүүлэг гарч үзэгч ч цөөнгүй байгаа аж.
Нийслэлийн захын хорооллуудад цахилгааны хязгаарлалт нэрийн дор үе үе гэрэл тасарч байгаа сураг дуулдав. Ийм аргаар Их Хуралдайтай “тэмцэж” байгаа бололтой. Уг нь Их хуралдайг Төрийн ордонд хийхээр захиалга өгч тохироод байсан ч өчигдөр ордны захиргаа, аж ахуйнхан захиалгыг буцааж Их хуралдай бууриа сэлгэн UB палас руу шилжсэн гэх зэргээр хуралдайн үйл ажиллагаанд багагүй саад учирч байна.
Д.ОЮУН