Өмнөговийн иргэн бол гэж хүүхэддээ захина аа

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Өмнөговийн иргэн бол гэж хүүхэддээ захина аа

Ээж, аав хоёртоо гомдож байна. Хангай, говийн хоёр хүн яаж яваад намайг Төв аймагт төрүүлчихсэн юм бол оо. Өмнөговьд төрүүлж болоогүй л юм байх даа гэж. Өмнөговийн хүн болоод төр­чихсөн бол хэн хүнээс илүү азтай, одтой байх байсан юм. Хүний хөгжил сангийн 21-хэн мянган төгрөг авах гэж банкны үүдэнд муухай царайлж зогссоноо бодохоос уур хүрээд байх юм. Өмнийн цэнхэр говийн иргэн байсан бол жил бүр нутгийн хишиг хүртээд сайхан байхгүй юу. Өмнөговийнхон дэндүү азтай хүмүүс. Монгол Улсад байхгүй гадаадын олон ком­пани ганцхан энэ аймагт үүр­лэчихсэн. Америк, Авст­рали, Өмнөд Солонгос, Герман, Ка­над гээд дэлхийн өндөр хөг­жилтэй улс орнууд ганцхан энэ аймагт л их хэм­жээний хөрөнгө оруулж бай­на. Монголд байтугай дэл­хийд ховор Оюутолгой, Та­ван­толгой энэ аймагт байна. Монголын хамаг баялгийн үүц, нөөц хоёр энэ аймагт л байна. Үүнийхээ хэрээр ард түмэн нь элбэг хангалуун амьдарч байна. Жийп машингүй айл ч гэж алга. Толгойтой бүхэн нь жил бүр 500 мянган төгрөгийн хишиг хүртэхээр тэгэхээс ч аргагүй. Ёстой л хахаж цацаж байна.

XXI зууны Монгол Улсын биеэ даасан статустай нэг аймаг гэхэд дун­дад зууныхны амьдралаар амьдарч үзэж байна. Энэ бол хэн хүнд олдоод байх боломж биш.  Өм­нөговь аймаг төвийн эр­чим хүчний системд хол­богдоод хэдийнэ зургаан сар болчихсон л доо. Гэхдээ мөн­гө байгаа юм чинь эрчим хүч, цахилгаанаар юугаа хийх вэ. Лаа, дэнгийн гэрэлд арав хоног сүүмийж “жаргаж” үхэх юм байна л даа. Юун тухай яриад байна аа гэж үү. Эрчим хүчний доголдолд орж, өмнөговьчууд арав хоног харанхуй байхаар бол­сон гэнэ. Ёстой аз, од нь гийнэ гэж энэ л байх. Лааны гэрэлд “диско”-доод хөг­жилтэй бай­на гэнэ, тэд.  Басхүү өөхөн тос, лаа, шүдэнзний эрэлт ихэсч байгаа бололтой юм. Гэрэл цахилгаангүй арав хоногт “Монголын үрс маш олон” болох ч юм бил үү. Би өөрөө Өмнөговийн иргэн болж төрөөгүйгээс хойш үр хүүхэддээ захина аа. Яаж ийгээд өмнийн говийн харьяат бол гэж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж