Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Хаалт болсон хаалгач

-Эзэндээ хүрээгүй өргөдлийн ард шийдэлгүй асуудал үлдсээр-

Ерөнхийлөгчтэй, сайдтай, гишүүнтэй, хотын дарга­тай, газрын даргатай гээд янз янзын даргатай уулзахыг хүссэн иргэд олон. Өргөдөл, гомдол, санал хүсэлт, шинэ санаачлагаа нямбай гэгч нь хавтсанд хийгээд “уулзана” гэж найдаад л албан газруудын үүдээр эргэлдэнэ.

Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж яриа авахаар Хотын захиргааны үүдэнд хэсэгхэн саатлаа. Утсаар яриад тохирчихсон байсан тул нэг хүнтэй уулзсаны дараа орохоор болов. Энд нэгэн эмээ надтай адил хотын даргатай уулзана гээд зогсч байв. “За хүүхээ, би долоо хоног үүдээр чинь эргэлдэж байна, намайг тавхан минут уулзуулчихаач” гэж үүдний харуулаас гуйна. Өнөөх нь за хүлээж бай гээд цааш нь ямар нэг утас руу залгана. Тэр утас холбогдохгүй гэдгийг нь гадарлаж байсан нь ч үнэн байв. “За эмээ, сонсож байна уу, өрөөнийхөө утсыг авахгүй байгаа биз. Тэгэхээр өрөөндөө байхгүй байна гэсэн үг” гэж хэлээд дараа ирэхийг зөвлөв. Эмгэн ч маргааш ирэхээр болоод гараад явчихав.

Өөр нэг өвөө хавтсаа цаасаар түнтийлгэчихсэн мөн л хотын дарга, эсвэл орлогч, бүр болохгүй бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай уулзах хэрэгтэй яваагаа хэлнэ. Дахиад л өнөөх өмнөөс хариулдаггүй утас руугаа залгах аж. Энэ хооронд өөр зарим нэг хүнд “мэдэхгүй, байхгүй” гэх жижүүрийн хариултаа өгөөд буцааж амжив. Харуул “За та утсаа үлдээгээд явчих, тэгээд тань руу эргээд холбогдох болно” гэнэ. Өвөө ч утсаа тэмдэглүүлчихээд ажлаа бүтээчихсэн мэт баяртайгаар гарч одно.

Түүнийг гарч явахтай зөрөн нэгэн бүдүүн эр хотын захиргаа руу орж ирнэ. Гар утсаа барьчихсан, бага зэргийн ярвайлттайгаар маадгар алхалсаар үүдний харуул, жижүүрийг нүднийхээ булангаар ч харсангүй дээш яваад орчихов. Түрүүнээс хойш ирсэн эмээ өвөө нарыг дотогш оруулахгүй гээд байсан ширүүн хамгаалагч ч зай тавьж өгч буй харагдана.

Үргэлжлүүлээд явдалдаа ядарч, хөлс нь бурзайсан нэг нөхөр орж ирээд бухимдлаа илэрхийлнэ. “Миний сарын өмнө өгсөн өргөдөл чинь бичиг хэрэг дотор чинь алга байна. Сарын өмнө би яг энд чамд үлдээсэн биз дээ. Гэтэл бичиг хэрэг хариуцсан ажилтан чинь над дээр оруулж ирээгүй л бол хүлээж авсан гэж үзэхгүй гээд байна. Би дахиад өргөдлөө өгөх болж байна уу” гээд л уурлана. Учрыг ухвал, үүдэнд суух харуул нь за энд үлдээчих гээд л аваад үлддэг, гэтэл бичиг хэрэг хүлээж авах өрөө нь дээд давхарт нь байдаг, заавал тэнд нь оруулж байж бичгээ өгсөн болж тэмдэглүүлдэг аж. Үүдний жижүүр ирсэн өргөдөл гомдол бүрийг дамжуулдаг ч юм уу, тэмдэглэж авсан утсаа цааш нь өгдөг ч юм үү, бүү мэд гэх эргэлзээ үлдэв.

Ингээд даргатай уулзах цаг маань ч болж бид ярилцлагаа авахаар орцгоов. Энэ хооронд өрөөнийх нь утас хоёр дуугарахад аль алиныг нь авч байх юм. Өнөө өмнө залгаад авахгүй байсан дугаар  нь энэ өрөөнийх гэдэгт мөн л эргэлзээ төрөв.

Дараагаар нь Хууль зүйн яамны мэргэжилтэнтэй нь уулзахаар яам руу нь очив. Үүдэнд нь очоод учраа хэлтэл дүрэмт хувцастай харуул нь “за, хүлээж бай” гээд нэг утас руу залгав. “Өрөөндөө алга, дараа ирнэ үү” гээд буцаав. Өглөө нь ийнхүү хариу аваад өдөр нь мөн л ийм хариу авав. Оройхон ажил тарахын өмнө очтол дахиад л өнөө өмнөөс авдаггүй дугаар луугаа залгаад “Өрөөндөө алга” гэх нь тэр. Арга ядсан ууртай надад сайдынх нь утас байсан тул “залгаж учир байдлаа хэлж, уг нь хэцүү зүйл хүсээгүй, зүгээр л хууль сурталчилсан яриа авах гэж гурав дахь удаагаа ирж буйгаа дуулгав”. Ингэж ярьснаас хойш ажил бүтэж, яам руу ороод явчихлаа. Өнөө өрөөндөө байхгүй гэсэн бүх дарга нар нь сандал дээрээ байж байх юм. Асуудал нь яг хаана байна аа, бас ч үгүй хаа газарт чөлөөтэй нэвтрэх эрхтэй сурвалжлагч хүнд төрийн байгууллагаар үйлчлүүлэх, албан тушаалтантай уулзахад ийм төвөгтэй байхад ямар эрхтэйгээ ч мэдэхгүй иргэдийн хувьд ямар байгаа бол. Ядаж өргөдөл гомдол нь эзэндээ хүрч чадаж байгаа болов уу.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №023

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж