Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Өс хонзонгийн цэцэг

“Өс хонзонгийн цэцэг” сериал манай олон үзэгчийг донтуулаад удаж байна. Нэг эрд дурласан хоёр солонгос бүсгүйн хайр дурлалын төлөөх атаа жөтөө хорсол нь сүүлдээ өс хонзон болон хувирч байгааг үзүүлсэн кино л доо. Атаа хорсол, өс хонзон гэдэг зөвхөн солонгос сериал дээр гардаг асуудал биш гэдгийг энэ хавар баян эрээс болж нэг нь амиа алдаж, нөгөө нь хэрэгтэн болсон татварын байцаагч бүсгүйчүүдийн хэргээс харж болно. Хардалт, хорсол сүүлдээ хүнийг галзуу, согтууд хүргэдэг, үүнээс болоод гэмт хэргийн золиос болж байгаа олон жишээ бий. Эхнэр, хадмуудаа гэр бүлээр нь галдан шатаасан залуу өс хонзонгоор үйлдсэн хэрэгтээ 25 жилийн ял аваад байгаа билээ.

Хайр дурлал, гэр бүлийн асуудлаас улбаатай өс хонзон хувь хүнээр зогсохгүй нэгэн цагт өвөр түрийдээ орж явсан намуудын дунд ч цэцэглэдэг аюултай эд бололтой юм. Өнгөрсөн даваа гаригт Тусгаар тогтнолын ордонд хаалттай болсон МАН-ын Бага хуралд намын дарга Ө.Энхтүвшингийн тавьсан илтгэл алдаа дутагдлаа шүүн тунгаахаасаа илүү гомдоллосон, өсөрхсөн шинжтэй болсныг намын нөхдүүд нь ярьцгааж байна. Ард түмнээсээ тасарсан хэдэн удирдагч, тойрон хүрээлэгчдээс болоод тус нам хамаг сүр сүлд, хийморио алдчихаад байгааг МАН-ын дарга ойлгосонгүй юу. Эсвэл түүний хэлснээр үнэхээр Ардчилсан нам хорсох, хонзогнох бодлого явуулаад байна уу, ямар ч байсан түүний үг ерөнхийдөө эрх баригч намыг буруутгахад чиглэгдсэн байна. “Олонхийг бүрдүүлсэн гол хүчин Ардчилсан нам өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ. Энэ бол тэдэнд нэг жилийн өмнө төрсөн санаа биш, бүр 1996 оны сонгуулийн дараа нэгэнт ил болсон бодлого юм. Өнөөдөр энэ нь улам түрэмгий, хонзогносон шинжтэй, 1996 онд чадаагүйгээ заавал гүйцээнэ гэж шүд зуусан төрхтэй, илүү зохион байгуулалттай, цогц бодлого, үйл ажиллагаа болж хувирсан нь тодорхой харагдаж байна” гэсэн сөрөг хүчний удирдагчийн илтгэлээс харахад Ардчилсан нам ч, МАН ч аль аль нь өс хонзон өвөртөлж яваа юм биш байгаа гэх хардлага төрүүлж буй.

“Өс хонзонгийн цэцэг” кинонд муу, муухай болгоныг хийж, өнгө мөнгөөр бүхнийг дийлнэ хэмээн эрдсэн, эндүүрсэн нэгэн солонгос бүсгүйн амьдрал хэрхэн сүйрч, нуран унаж байгааг үзэж болно. Хувь хүн, улс төрийн нам ч ялгаагүй буруу замаар будаа тээснийхээ харамслыг хамаг бүхнээ алдсан хойноо л ухаардаг бололтой.

Бие биеэ шүүмжилцгээе, гэхдээ хэмлэхгүй байя гэдэг үгийг залуучууддаа дайсан Ө.Энхтүвшин даргын үгээс харахад ойрын өдрүүдэд намынхаа удирдлагуудын шүүмжилж, авлигад өртсөн, идэж ууснаар нь дуудаж, “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулсан НАМЗХ, НАМОХ-ны удирдлагуудыг солих асуудал ч хөндөгдөж магадгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эв түнжингээ алдаж, намаа, бие биенээ өөд ууруугүй муулах болсон нь МАН-ыг улам хүчгүйдүүлэх болсон нь  оргүй ч үг биш юм. МАН-ыг түүхийн тавцангаас арчихаар улайрч байгаа Ардчилсан намын үйлдэл, өрсөлдөгчөө өөд нь татаж явсаны гашуун сургамжийг мартаж болохгүйг захьсан Ө.Энхтүвшингийн үг аль алинаас нь  асар их хорсол, өш хонзон үнэртээд байна гэх хүмүүс ч цөөнгүй байна. Ямар ч байсан Бага хурлынхаа үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгэлдээ хурсан бухимдал, уур хилэн, гомдлоо сад тавилаа. 

Хувь хүмүүсийн хоорондын өс хонзонгоос гарсан гэмт хэргүүд нийгмийг цочрооход хүрдэг бол улс төрийн намуудын хонзогнол улсыг мөхөөх ч аюултай билээ. Өс өвөртөлсөн хүний нүд хүртэл сохорсон байдаг юм гэнэ лээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж