Күдогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Күдогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Гардан тулааны спортын хамгийн сүүлийн үеийн, шинэлэг төрөл болох Кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб улсын Кали хотод өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын Кудогийн шигшээ багийн тамирчин О. Энхбат эх орноо төлөөлөн амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ. 

Тэрбээр нийт дөрвөн тоглолт хийжээ. Бразил, Мексик, Колумб улсын тамирчдыг ялж, алтан медалийн төлөө тоглохдоо Япон улсын тамирчинд торгуулийн хуудсаар хожигдож мөнгөн медалийн эзэн болсон байна.

Тус тэмцээнд дэлхийн 16 орны тамирчин Олон улсын кудогийн холбооны сонгон шалгаруулалтаар оролцсон. Манай тамирчны хувьд  Кудогийн улсын аварга,  2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр мөнгөн медаль, 2010 онд ОХУ-д болсон Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байрт шалгарч байсан. 2011 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байр эзэлсэнээс гадна хамгийн түргэн хугацаанд ялалт байгуулсан тамирчнаар шалгарч байжээ. Эдгээр амжилтаараа Ази тивээс шалгарч дэлхийн дэвжээнд өрсөлдлөө.

“Кудо”-гийн спорт нь Япон улсаас гаралтай бөгөөд одоогоор дэлхийн 67 оронд хөгжөөд байгаа аж. Харин манай улсад 2005 оноос хөгжиж эхэлсэн. Энэ спортоор 500 гаруй хүн хичээллэдэг гэсэн судалгаа бий. Энэхүү спортыг олимпийн төрөлд оруулахаар Олон улсын Кудогийн холбооны удирдлагууд ажиллаж байгаа аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж