Вьетнамын эрх баригчид, интернэт хэрэглэгчдийн хувийн хуудас, сайтуудад зөвхөн өөрийн мэдээллийг хэрэглэхийг зөвшөөрч тэдэнд мэдээний агентлагуудын мэдээнээс ашиглахыг хорив. Зохих хуулийг эрх баригчид 2013 оны зургадугаар сард баталсан тухай наймдугаар сарын 1-нд Вьетнамын Tuoitrenews сайтад дамжуулжээ. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Хуульд зааснаар, «хувь хүний сайт эсвэл хуудас нь зөвхөн тэр хэрэглэгчийн тухай мэдээлэл солилцох зорилгоор ашиглагдаж болох» ажээ. Хувийн сайтуудад өөр хүн, байгууллагын тухай мөн хуулбарласан мэдээллийг тавих нь хориотой болж байна. Үүнээс гадна энэ хууль хэрхэн хэрэглэгдэх, түүнийг зөрчсөн тохиолдолд шийтгэл нь ямар байх талаар ойлгомжгүй байна.
Вьетнамын Холбооны яамны дижитал мэдээллийн тасгийн дарга Винь Бао Хоанг (Hoang Vinh Bao) тайлбарлахдаа, хуулбарласан гэдгийн дор Засгийн газрын сайтууд ба мэдээний агентлагаас хэрэглэгчид иш татаж болохгүйг хэлж байгаа гэв. Сүлжээгээр худал мэдээлэл тараалгахгүйн үүднээс хуулийг бий болгосон гэдгийг Холбооны яамны орлогч сайд Нам Танг Ле (Le Nam Thang) онцлон хэлжээ.
Хуулийн зарим заалтууд нь зөрөлдөөнтэй байгаа нь интернэтээр мэдээлэл чөлөөтэй солилцох, бусад мэдээллийн хэрэгслээс иш татах зэрэгтэй тэмцсэн гол хэрэгсэл гэж хэрэглэгчид үзэж байна. Гэхдээ Вьетнамын зарим нийгмийн зүтгэлтнүүд уг хуулийг зохиолчийн эрхийг хамгаалахаар хийгдсэн гэж дүгнэж буйг The Wall Street Journal сонин өгүүлжээ.
WSJ сонин тэмдэглэхдээ, уг хуулиар сүлжээний хэрэглэгчид Вьетнамын эсрэг чиглэгдсэн мэдээлэл гаргахыг хориглосон байгааг хэлжээ. Вьетнамд интернэтийн цензур хатуу байдаг. Тэнд Засгийн газрыг шүүмжилдэг сайтуудад орох нь хязгаарлалттай бөгөөд одоо 35 онлайны идэвхтнүүд хоригдож байна. Вьетнамд засаг, төрийн эсрэг мэдээлэл гаргасан бол 20 жил хүртэл хорих ялыг авах хүртэл хуулийн заалттай аж.