Их , дээд сургуулиудыг нүүлгэе

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Их , дээд сургуулиудыг нүүлгэе

Хэсэгхэн хугацаанд чихэнд амар, чимээ шуугиангүй, нам жимхэн байсан Улаанбаатар удахгүй хүн, машиндаа хахах холгүй болох дог оо. Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдлээ. Их хотыг зорин ирэх хөдөөгийн оюутнуудын сургаар бүтэн зунжингаа орлого муутай ажилласан баар, цайны газрын эзэд, зах, дэлгүүрийн худалдаачдын магнай тэнийж байх шиг. Зарим наймаачид оюутнуудын сургаар барааныхаа үнийг хөөрхөн нэмээд авахаа ч мартаагүй бололтой.  Харин бусад хүмүүсийн хувьд нуруугаа авахуулсан морь шиг яс нь хавталзаад эхэлчихэж.

Наймдугаар сарын хорьдоос эхлэн хөдөөнөөс оюутнууд цугларцгааж, нийслэлд дуу шуугиан, хөл хөдөлгөөндөө дарагддаг. Үүнийг дагаад нөгөө ядаргаа, зүдэргээ болоод байгаа бөглөрөл түгжрэл, шоу цэнгээн, архидалт хэрээс хэтэрнэ. Угтаа бол Улаанбаатар намрын намарт шоргоолжны үүр шиг болсоор удаж байгаа юм. Аргагүй ч биз, Монголын их, дээд сургууль, коллежийн 90 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг юм хойно.  Тэдгээрт суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдээд байгаа хойно. Ерээд оны сүүлчээс борооны дараах мөөг шиг олширсон их, дээд сургуулийн тоог жил бүр цөөлсөөр өдгөө Улаанбаатарт 95 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч их дээд сургуулийн тоог цөөллөө гээд хөдөөнөөс нийслэлийг зорин ирэх оюутны тоо буурсангүй.  Орон нутгаас жилдээ 90 мянган оюутан Улаанбаатарт түр суурьшин амьдардаг. Энэ намар  МУИС гэхэд шинээр 3520, МУБИС 2328, ЭМШУИС 1115, СУИС 1060, ХААИС 2360, ШУТИС 5045 оюутан элсүүлэхээр болсон байна. Дээрээс нь хувийн их, дээд сургуулиудад элсч байгаа  оюутнуудын тоог нэмэхээр хэр их ачаалал нийслэлийн нуруун дээр буудгийг хэлэхэд хэцүү. Түрээсийн байрны үнэ нэмэгдэж, цайны газрууд ч хоолныхоо үнийг шинэхэн бөгөөд баян оюутнууд л зориулаад өөрчилж орхино. Автобус унаанд  хөл дүүжлэхийн аргагүй, адаглаад таксиныхан хүртэл  үнээ нэмээд оодорчихдог.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлттэй зэрэгцээд их дээд сургуулиуд ч хичээлийн шинэ жилийн баяраа нэг өдөр, нэг цагт тэмдэглэдгийг хэлэх үү, есдүгээр сарын 1-ны өдөр Улаанбаатарын зам талбай “гамшиг”-ийн байдалд хүрдэг нь худлаа биш юм.  Хичнээн ч цаг бөглөрч, хичнээн ч  хүн ажлаа алддагийг хэлэхэд бэрхтэй л дээ. Ямар ч байсан есдүгээр сарын 1 ер бусын өдөр гэдэг л үнэн болчихоод байгаа. Энэ өдөр ч эрүүлжүүлэхийн ачаалал энгийн өдрөөс хэд дахин нэмэгддэг гэсэн. Тэгэхээр хичээл эхлэхтэй зэрэгцэн нэмэгддэг нийгмийн сөрөг үзэгдлүүд, нийслэлийн ачааллыг яаж бууруулах вэ. Жилийн жилд олон арваараа их дээд сургууль төгч байгаа оюутнуудын хэд нь буцаад хөдөө рүүгээ явдаг вэ.

Засгийн газрын  2010 онд баталсан 149 дүгээр тогтоолоор СУИС, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС гээд төрийн өмчит таван сургуулийг эхний ээлжид нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Нэг хэсэгтээ их энэ асуудал нэлээд эрчимтэй яригдаж байсан ч өдгөө нам гүм болчихоод байгаа юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит таван их, дээд сургуулийг Налайхын Шивээт эсвэл Багануурын Хүрэмтийн хөндийд нүүлгэн шилжүүлэх асуудал юу болж байгааг сураглаж, санаа тавих хүн ч одоогоор алга байна. Уг нь хотоос их дээд сургуулийг нүүлгэн шилжүүлснээр оюутны дотуур байр, нийгмийн хангамж зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох аж.  Оюутны хотхоныг дагаад орон нутагт ч үйлчилгээний газрууд нээгдэж, ажлын байр олноор бий болох боломжтой юм.  Даанч энэ асуудал ажил хэрэг болтлоо лав 10 жил болох байх гэж албаны хүмүүс тайлбарлаж байна лээ. Орон нутгаас нийслэлд ирж байгаа 90 мянган оюутнуудаас тун цөөхөн нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг.  Бусад нь түрээсийн байр, ах дүү хамаатан садныдаа толгой хорогдох нь бий. Нөгөө талаар орон нутгаас ирсэн олон мянган оюутны нийтийн тээврийн зардлыг нийслэл хот хариуцдаг.  Жилдээ 113 мянган оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих асуудлыг нийслэл хариуцахаа больчихвол эдийн засгийн хувьд ч хэмнэлтэй байх болов уу.  Тэр мөнгөө нийслэлийнхээ бүтээн байгуулалтад нэмэрлэбэл, илүү үр дүн, өгөөжтэй байх нь тодорхой. Тиймээс их, дээд сургуулийг хотоос нүүлгэн шилжүүлснээр их олон асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд дөхөм болох юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж