Багануур дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөл 7 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Ахмадын хорооны 2013 оны эхний хагас жилийн ажлын болон санхүүгийн тайланг сонсож, холбогдох арга хэмжээг авлаа. Ингэснээр байгууллага аж ахуйн нэгжүүд болон дэргэдэх хэлтэс албадын эхний хагас жилийн тайланг хэлэлцэх ажил эхэлж байна. Дүүргийн ахмадын хороо нь 9 тэргүүлэгч, 5 хороо, 24 аж ахуйн нэгж байгууллагын ахмадын зөвлөлтэйгөөр дүүргийн нийт хүн амын 8,2%-ийг эзэлдэг 2262 ахмад настны эрх ашгийг хамгаалан ажилладаг байна. Он гарсаар тус байгууллага 19 нэр төрлийн ажил зохион байгуулсан талаар хороон дарга Ж.Мядаг танилцуулсан бөгөөд эдгээр ажлуудад урлаг, соёл, нийтийн бүжиг гэх зэрэг ажлууд зонхилж байлаа. Дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүсийн хувьд “Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 8 хөтөлбөр хэрэгжиж байхад үйл ажиллагаандаа нэгийг ч ажил болгоогүй. Хөдөлмөрийн хэлтэс болон бусад байгууллагуудтай хамтарч ажилладаггүй. 40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэлээд ахмадыг ажилтай орлоготой болгох боломж байсан. “Хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд мэргэжил, мэдлэг, туршлага бүхий ахмадуудын зөвлөн туслах баг, гэрийн багш ажиллуулах зэргээр ажил зохион байгуулах боломжтой ч ажил хэрэг болгоогүй. Энэ чиглэлээр ямар ч төлөвлөгөөгүй байгаа” талаар хэлж тус хорооны үйл ажиллагаа бүтцийн хувьд өөрчлөлт хийх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Ахмадын хорооны дарга Ж.Мядагийн хувьд 2011 онд энэхүү ажлыг үүрэг гүйцэтгэгчээр хүлээн авсан. Үүнээсээ хойш ахмадын уулзалт чуулганыг огт зохион байгуулаагүй. Одоо хэр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Ахмадын хороо нь дүүргээс санхүүжилт авдаг. 2012 оны санхүүгийн шалгалтаар зөрчил илэрч акт тавигдсан зэрэг олон алдаа дутагдлыг үндэслэн ахмадын хорооны 2013.07.31-ны өдрийн дүүргийн удирдах зөвлөлийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Ахмадын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мядаг нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллах 2 жилийн хугацаанд бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, ахмадын хорооны даргын асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлүүлээгүй.
Дүүргийн Засаг даргын 2013 оны НЭЗЗ-ыг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаагүй, хэрэгжүүлээгүй.Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр нэг ч ажил хийгээгүй, идэвх санаачлагатай ажиллаагүй.Санхүүгийн зөрчил гаргасан болох нь аудитын байгууллагаар тогтоогдсон зэрэг шалтгааны улмаас 2013 оны 08-р сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг шинээр томилж, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, санхүүгийн зөрчлийг бүрэн арилгуулах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллуулах зэргийг үүрэг болголоо.