Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын “Hyundai” группийн захирал Хён Жон Унд нөхрийнх нь дурсгалд зориулан талархлын аман илгээлт явуулсан байна. Ким Чен Унын аман илгээлтийг Ази-Номхон далайн бүсийн хорооны орлогч захирал Вон Тон Ён “Hyundai” группийн захиралд уламжилжээ. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ким Чен Ун аман илгээлтэндээ Hyundai” группийн захирал агсан Жон Мон Хоны нас барсны 10 жилийн ойн дурсгалд зориулан, түүний хоёр Солонгосын хоорондох харилцаа холбоог сайжруулах, хөгжүүлэхэд үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлж, талархал илэрхийлсэн аж.
Үүнээс өмнө өнгөрсөн бямба гаригт “Hyundai” группийн захирал Хён Жон Ун Хойд Солонгосын Кангван-ду аймагт орших Кымгансан уулын амралтын газарт нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон аж.
“Hyundai” группийн захирал агсан Жон Мон Хон нь хоёр Солонгосын хамтын ажиллагааны бизнесийн төсөлд идэвхийлэн оролцож байсан боловч өнгөрсөн 2003 онд амиа хорлон нас барсан юм. Тухайн үед түүнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүний Засгийн газраас 2000 онд анх удаа болсон хоёр Солонгосын чуулга уулзалтын өмнө Хойд Солонгосын талд их хэмжээний мөнгө өгсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байжээ.
Б.АНХТУЯА