
Афганистаны зүүн хэсгийн Жалалабад хотод орших Энэтхэгийн консулын газар руу автомашин хөлөглөсөн гурван амиа золиослогч халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын улмаас есөн хүн амь үрэгдэж, 23 хүн гэмтэж, шархатсаны дунд хүүхдүүд байсан байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын мэдээлснээр амиа золиослогчдын халдлагын улмаас консулын газрын ажилчдын амь нас хохирч, хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Афганистаны албаныхны мэдээлснээр Энэтхэгийн консулын газар руу нэвтрэхийг завдсан үл мэдэх автомашиныг хамгаалалтын албаныхан саатуулах зуур амиа золиослогч хоёр этгээд автомашинаас бууж ирэн гал нээсэн аж. Харин автомашиныг жолоодож явсан этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас Энэтхэгийн консулын газрын ойролцоо орших сүм, хувийн орон сууцны барилга, дэлгүүрүүд эвдэрч сүйджээ. Афганистаны албаныхны зүгээс амиа золиослогчдын халдлагад террорист Талибан бүлэглэлийг сэжиглэсэн боловч тэдний зүгээс халдлагад холбоогүй гэж мэдэгдсэн байна.